Арслан, барын үзүүлбэртэй дэлхийн цирк Монголд тоглоход бэлэн болжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. "Дэлхийн цирк Монголд" олон улсын циркийн тоглолтыг анх санаачлан зохион байгуулснаас хойш 10 жилийн хугацаа өнгөрчээ.
“Монгол циркийн хөгжлийн төв”-өөс тус ойг тохиолдуулан “Степп Арена” мөсөн ордонд ээлжит тоглолтыг зохион байгуулахаар болжээ. Энэ удаа Узбекистаны Ташкент хотын улсын циркийн дөрвөн бар, хоёр арслан амьтан сургагч болон найруулагчийнхаа хамт иржээ. Мөн Казахстаны Астана хотоос ховор үйлдвэрийн эзэн хааны гэх найман пудель нохой ирсэн бөгөөд монголчуудад үзүүлбэрээ үзүүлэх юм байна. Монголд өмнө нь 2015 онд олон улсын циркийн тоглолт зохион байгуулахад арслан авчирч байжээ. Тэгвэл энэ удаа арслан, эрслэн хосоороо оролцож буйгаараа онцлогтой. Мөн анх удаа бартай циркийг үзэгчдэд үзүүлэхээр бэлтгэлээ базааж байна.
Тоглолтод долоон төрлийн үзүүлбэр багтсан бөгөөд олон улсын 90, Монголын 30 гаруй
уран бүтээлч болон арын албаныхантайгаа нийлээд 160 уран бүтээлч ажиллаж байгаа аж. Түүнчлэн Монголд анх
удаа хос манеж засаж байгаа бөгөөд энэ нь өндөр хөгжилтэй орнуудад дээд цэгтээ
хүрсэн шоу тоглолтын нэг хэлбэр гэдгийг
зохион байгуулагчид нь онцоллоо.
Тоглолтын талаар “Монгол циркийн хөгжлийн төв”-ийн захирал Н.Эрдэнэ ярихдаа, “Циркгүй, стандарт бус газар хийж байгаа нь аюул дагуулах уу гэж олон хүн асууж байгаа ч бүх зүйл стандартын дагуу явна. АНУ, Герман, Канад, ОХУ-ын циркийн шоу тоглолт яг манай “Дэлхийн цирк Монголд” тоглолт шиг спорт аренад болдог. Ямар ч аюул байхгүй гэдгийг хэлмээр байна. Уран бүтээлчид маань олон улсын шоу тоглолтуудаас алт, мөнгөн медалийн шагналт чадварлаг, мэргэжлийн хүмүүс ажиллаж байна. Тоглолтын ерөнхий найруулагчаар ОХУ-ын жүжигчин Юрий Владимирович Никулины нэрэмжит сургуулийн алдарт найруулагч Дмитрий Чернов нар ажиллаж байна” гэв.
Монгол ирсэн арслан, барын тухай Узбекистаны циркийн жүжигчин, амьтан сургагч Отабек ярихдаа, “Арслан, баруудыг би багаас нь л тэжээж, сургасан. Одоо бүгд 4-6 настай. Тэдэнтэй яг л хүүхэдтэй харьцаж байгаа юм шиг байх хэрэгтэй. Миний гэр бүлийн гишүүн шүү дээ. Бүгдийг нь зулзага байхад нь амьтны хүрээлэнгээс авч байв. Бид хамтдаа гурав дахь орондоо ирж байгаа нь энэ. Монголчууд арслан, барын маань тоглолтыг сонирхоно гэдэгт итгэлтэй байна. Тэд маш ухаалаг шүү. Анх сургаж байхдаа хоёр гурван удаа хазуулж байсан. Амьтан сургахад багахан хэмжээний золиос хэрэгтэй шүү дээ” хэмээн ярилаа.