Д.Сүхбаатарын талбайд болсон өдөрлөгөөс 200 гаруй хүн ажилтай болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМХүний нөөцийн мэргэжилтнүүд болон энэ чиглэлээр суралцаж байгаа төгсөх ангийн оюутнуудыг ажилд зуучлах зорилго бүхий “Ажлын байрны нээлттэй өдөрлөг” Д.Сүхбаатарын талбайд эхэллээ.
Монгол Улсын Засгийн газраас жил бүрийн 10 дугаар сарын 15-ны өдрийг “Хүний нөөцийн ажилтны өдөр” болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэн. Энэхүү өдрийн хүрээнд хүний нөөцийн мэргэжилтнүүдийн нэгдсэн “Эйч Ар клуб”-ээс дээрх өдөрлөгийг зохион байгуулж байгаа аж. Өдөрлөгт “Тесо корпораци”, “Жигүүр гранд”, “Монгол эм импекс” зэрэг 20 гаруй байгууллага оролцож, зөвхөн хүний нөөц бус бусад 200 гаруй нээлттэй ажлын байранд бүртгэж байна хэмээн “Эйч Ар клуб”-ын тэргүүн Ш.Баярмагнай хэллээ.
Тэрбээр, “Хүний нөөцийн мэргэжилтнийг ажилтан сонгон шалгаруулж авдаг, халдаг хүн гэж ойлгодог. Гэтэл энэ бол ажлынх нь нэгээхэн хэсэг. Хүний нөөцийн мэргэжилтэн ажилтнуудаа сургах, нийгмийн хамгааллын асуудлыг нь шийдвэрлэх зэрэг олон ажлыг амжуулдаг. Хүний нөөц бол Монгол Улсад 2000 оны эхээр нэвтэрсэн харьцангуй залуу мэргэжил. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй 13 их, дээд сургууль Хүний нөөцийн менежреер жил бүр 500 орчим мэргэжилтэн төгсгөж байна. Энэ чиглэлээр ажиллаж байгаа хүмүүс тоног төхөөрөмж бус хувь хүнтэй харьцдаг. Тиймээс аж ахуйн нэгжүүд хүний нөөцийн мэргэжилтнээ ажилд авахдаа зөвхөн диплом бус хувь хүний зан чанар, төлөв байдал, ажилтнаа таних, мэдрэх чадварыг нь харах хэрэгтэй” хэмээв.
Аж ахуйн нэгжүүд ажилтан авахдаа нас, хүйсээр нь ялгадаг тул ажилд ороход хүндрэлтэй байдгийг өдөрлөгт оролцож буй иргэд хэлж байв.
Харин аж ахуйн нэгжүүдийн зүгээс зарим ажлын байранд нас, хүйсээр ялгахаас өөр арга байдаггүйг тайлбарлав.
Тухайлбал, “Жигүүр гранд” группын Хүний нөөцрийн мэргэжилтэн Б.Өнөржаргал, “Манай байгууллага үйл ажиллагаа явуулж эхлээд 27 жил болж байна. Энэ хугацаанд шинээр ажилд орж байгаа хүмүүсийг дадлагажуулах, сургах, нийгмийн халамжийн асуудлыг нь шийдвэрлэх зэрэг ажлыг тогтмол зохион байгуулж ирсэн. Энэ нь манай байгууллагын давуу тал. Одоо ажиллаж байгаа хүмүүсийн 70 хувь нь 3 ба түүнээс дээш жил болж байна. Үлдсэн 30 хувь нь хувиараа бизнес эрхэлж, өөрийгөө сорих зорилгоор ажлаас гардаг. Бусдаар бол ажлын байрны тогтвортой нөхцлийг 100 хувь хангадаг. Өнөөдөр гадаад худалдаа, барилгын салбарын 15 ажлын байранд нээлттэй захиалга авч байна.
Тодорхой ажлын байруудад нас заадаг. Бид 50 настай хүнийг барилгын туслахаар аваад 10 давхар барилга руу шуудайтай элс зөөлгөж болохгүй. Тиймээс аль болох залуу хүн авахыг зорьдог” гэлээ.
“Жое Трозон” барилгын компанийн Хүний нөөцийн мэргэжилтэн Ц.Нямдорж, “Өнөөдрийн арга хэмжээнд гагнуурчин, туслах, засал чимэглэл зэрэг 20 ажлын байр зарлаж байна. Барилгын салбар өвөл ажил багатай байдаг тул энэ үеэр шинээр ажилд орсон хүмүүсээ дадлагажуулж сургах ажлыг хийдэг. Мөн эдийн засгийн хүндрэлтэй үед манай байгууллага цалингаа тогтмол тавьдаг нь бидний давуу тал. Бид ажилд орох хүмүүсээс нэн түрүүнд зорилго, ирээдүйн хүсэл, тэмүүллийнх нь талаар асууж, ярилцдаг" гэв.
Өдөрлөг 15.00 цаг хүртэл үргэлжилнэ.
Ч.Ариунболд