БАЯНХОНГОР: "Сурагч" нэгдсэн үйл ажиллагааг тавдугаар сар хүртэл үргэлжлүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-03-21 11:10:07

Баянхонгор, 2024 оны гуравдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн БШУГ, Цагдаагийн газар, Баянхонгор сумын ЗДТГ-тай хамтран “Сурагч” нэгдсэн үйл ажиллагааг эхлүүлжээ.


Тус үйл ажиллагаа Хүүхэд аливаа төрлийн хүчирхийлэл, гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлж, тэдний эрхийг хамгаалах, зөв төлөвшлийн талаар мэдлэг мэдээллээр хангах зорилготой. Мөн үе тэнгийн дээрэлхэлт, хорт зуршлын талаар сургалт, нөлөөллийн ажлыг эрчимжүүлж, эцэг эхийн оролцоог сайжруулах ажлуудыг өрнүүлэх юм.


Үйл ажиллагааны хүрээнд энэ сарын 14-ний өдөр ЕБС-ийн болон Баянхонгор сумын багийн нийгмийн ажилтан, цагдаагийн байгууллагын алба хаагч зэрэг 15 алба хаагч дөрвөн чиглэлд гудамж талбайд эргүүл хийсэн байна.


Мөн үеэр хүчирхийлэлд өртөж болзошгүй айл өрхийн гэрийн хаягаар биечлэн хяналт тавьснаар хүчирхийлэлд өртсөн хоёр хүүхэд, насанд хүрсэн нэг хүнийг Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн харьяа Нэг цэгийн үйлчилгээний хамгаалах байранд хүлээлгэн өгчээ.


Тус үйл ажиллагааг цогц хэлбэрээр тавдугаар сар хүртэл зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

相关新闻