Энэтхэг улс Парисын хэлэлцээрийг соёрхон батлав
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИНШИНЭ ДЕЛИ. /KAZINFORM/. Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх Парисын хэлэлцээрийг Энэтхэг улс соёрхон баталжээ.
Хүлэмжийн хий ялгаруулалтаар дэлхийд дөрөвдүгээрт ордог Энэтхэг улс уг хэлэлцээрийг соёрхон баталсан тухай баримт бичгүүдийг өнгөрсөн амралтын өдөр НҮБ-д өргөн барилаа.
Энэтхэгийн засгийн газраас гаргасан мэдэгдэлд “хөгжиж буй улсуудын нэрийн өмнөөс, тусгаар тогтнолын төлөөх хөдөлгөөний удирдагч Махатма Гандигийн байгаль орчинд ээлтэй амьдралын хэв маягийг бий болгох үзэл баримтлалыг дэмжих үүднээс манай улс хүчин чармайлт гарган ажиллах болно” гэжээ.
Энэтхэг улс хүлэмжийн хий ялгаруулалтын хэмжээгээр дэлхийд дөрөвдүгээрт буюу Хятад, АНУ болон Оросын дараа ордог байна. Тодруулбал, тус улс дэлхий даяар ялгарч буй хүлэмжийн хийн 4 гаруй хувийг үйлдвэрлэдэг ажээ.
Энэ долоо хоногт болох Европын Парламентын чуулганы үеэр уг хэлэлцээрийг сайшаасан тохиолдолд Европын Холбоо түүнийг соёрхон батлах болно гэж холбооны гишүүн орнуудын Байгаль орчны сайд нар баасан гарагт тохиролцсон юм.
Хүлэмжийн хий ялгаруулагч орнуудын наад зах нь 55 хувь нь уг хэлэлцээрийг соёрхон баталснаас хойш 30 хоногийн дараа Парисын хэлэлцээр хэрэгжиж эхэлнэ.
ЕХ-ны гишүүн улсууд уг хэлэлцээрийг соёрхон баталбал уг хэлэлцээрийг баталсан улс орнуудын тоо энэ долоо хоногийн эхээр 55 хувьд хүрнэ гэсэн үг.
Ирэх сарын эхээр буюу Мароккод НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн талаарх бага хурал болох үед Парисын хэлэлцээр хүчин төгөлдөр болно гэж албаны хүмүүс найдаж байна.
Г.Доржханд