БАЯНХОНГОР: Мазаалайн бахархалт өдөр тохиож байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2024 оны гуравдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. "Мазаалай баавгайн бахархалт өдөр" өнөөдөр тохиож байна. Мазаалай Монголын
Алтайн өвөр говьд Говийн их дархан цаазат газар /Сэгс цагаан богдод/ амьдардаг
бөгөөд дэлхийн өөр хаана ч байхгүй ховор амьтан.
Баянхонгор аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдрийн хуралдааны тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын 15-ны өдрийг "Мазаалай баавгайн бахархалт өдөр" болгон жил бүр тэмдэглэн өнгөрүүлэхээр тогтсон байдаг. Энэхүү өдрийн хүрээнд мазаалайн талаарх мэдээллийг олон нийтэд түгээх, таниулах олон үйл ажиллагаа өрнөдөг.
Энэ өдөр аймгийн хэмжээний албан байгууллагууд, Сургуулийн өмнөх боловсролын байгууллага, Ерөнхий боловсролын сургуулиуд сурагчдын дунд мазаалайг хэн сайн мэдэх вэ уралдаан, мазаалайг авран хамгаалъя хэлэлцүүлгийг өрнүүлдэг уламжлалтай. Тухайлбал, энэ жил Бууцагаан сумын Ерөнхий боловсролын сургуулийн 10-12 дугаар ангийн сурагчдын дунд “Мазаалайг хамгаалах, олон нийтэд сурталчлан таниулах, ойлголт мэдээлэл өгөх” зорилготой видео (шторк, reel)-ны уралдаан зарлажээ.
Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 437 дугаар тогтоолоор мазаалайг үндэсний бахархалт амьтан болгон зарласан. 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбоотойгоор тус шийдвэрийг гаргасан байна.
Олон улсын судлаачдын дүгнэснээр мазаалай нь бусад баавгайн төрлөөс онцлог төрөл зүйл гэж үздэг бөгөөд Монгол Улсын болон олон улсын Улаан номд бүртгэгдсэн байдаг. Мазаалай нь зундаа +46 градуст халж, өвөлдөө -34 градус хүртэл хүйтэрдэг эрс тэс уур амьсгалтай говийн нөхцөлд асар уудам орон зайг эзлэн амьдардаг гэдгээрээ бусад баавгайн зүйлээс ялгардаг.
Мазаалайг анх Оросын эрдэмтэн ургамал судлаач А.А.Юнатов болон газарзүйч эрдэмтэн Э.М.Мурзаев нар 1943 оны наймдугаар сарын 4-ний өдөр бодитоор олж харжээ. 1967 оноос хойш зарим судлаачийн хийсэн судалгаанаас үзэхэд мазаалайн тоо толгой хагас зуун жилийн дараа ч 50-aaс хэтрээгүй байгаа юм байна.
Монгол орны нэн ховор амьтдын жагсаалтад бүртгэгдсэн мазаалай нь Алтайн өвөр говийн Цагаан богд, Баруун тооройн нуруу, хойш Зараа, Буурын хар уулын хооронд буюу тархац нутгийнхаа тэн хагасаас бага нутаг Сэгс цагаан богд, Шар хулсны нуруу, Төмөртэйн хөх нуруу, Атас ингэс хавиар байршин нутаглаж байна. Тархац нутаг нь 1960-аад оныхоос 5 дахин хумигдаж багассан мазаалайг 1967 оноос судалж эхлэх үед тоо толгой нь 20-35 орчим байжээ.
Эр мазаалайг шармаахай, харин эм мазаалайг эвш гэж нэрлэдэг бол төлийг нь аламцаг гэж нэрлэдэг. Мазаалай бол элдэв идэшт амьтан. Гэхдээ идэш тэжээлийн ихэнх хувийг нь ургамал эзлэх бөгөөд түүний дотор бажууны үндэс, хармаг, махирсын жимс, зэгс, зээргэнэ, хависгана, регелийн шар модны навч, намхан гишүүний үндэс, найлзуур зонхилно. Зуны улиралд үе үе элбэгших нөрмөг, царцаа, голио зэрэг шавж болон амьтдын сэгээр хооллох нь бий. Иймд байгальд ариутгагчийн үүрэг гүйцэтгэдэг.
Мазаалай нь намар 11 дүгээр сараас эхлэн дараа оны гуравдугаар сар хүртэл ичдэг. Харин ичээндээ хатсан өвс, мөчир ашиглан зузаан хэвтэр засдаг байна. Мазаалай Алтайн өвөр говийн 1300-2300 метрийн өндөрт орших говийн дунд ба намхан уулсын өндөрлөг дов толгод болон хотгор хуурай газрын нуга сайранд амьдардаг. Мөн мазаалай баянбүрд, булгийн ил задгай устай газрыг бараадан байршиж, ус идэш тэжээлийн хүрэлцээ нь түүний эзэмшил нутгийг тодорхойлдог. Тус амьтан хүнээс ямагт дөлж, зугтаж явах учир зэлүүд говьд тэднийг олж харсан хүн цөөн байдаг. Мазаалай хүн барьсан тохиолдол бүртгэгдээгүй хэдий ч байгалийн зэрлэг амьтан учир ойртож очвол болгоомжлох нь зүйтэй.
Дэлхийн байгаль хамгаалах холбоо /IUCN/-ны олон улсын үнэлгээгээр устаж буй ангилалд ордог мазаалайг хамгаалах хүрээнд 1953 онд хуулиар агнахыг хориглон, 1975 онд Говийн их дархан цаазат газар байгуулан хамгаалалтад авч, 1987, 1997, 2013 онд Монгол Улсын Улаан номд бүртгэжээ. Түүнчлэн, 1991 онд Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенц /CITES/ -ийн хавсралтад бүртгэн, 2005 онд БОЯ, НҮБХХ хамтран “Их говийн экосистем, түүний шүхэр зүйлийг хамгаалах төсөл”-ийн хүрээнд мазаалайн шилжилт хөдөлгөөн, генетикийн судалгааг хийж эхэлсэн юм.
Сонирхуулахад, дэлхийд ховордсон мазаалай баавгай амьдардаг гол бүс нутгуудад идэш тэжээл бэлтгэн тавих 20 шахам савыг холбогдох албад, нутгийн иргэд хамтран байршуулжээ. Тэжээлийн саванд төрийн байгууллагаас жилд 2-3 удаа, сайн дурынхан жилд нэг удаа идэш тэжээл тавьж өгдөг байна.