АРХАНГАЙ: 341 км замын зорчих хөдөлгөөнийг нээжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2024-03-15 10:37:30

Эрдэнэбулган, 2024 оны гуравдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Өлзийт суманд их, бага хэмжээний зургаан удаагийн цас орж, цасны зузаан тал хээрт 15-30 см, гуу жалгандаа 45-110 см болж, хаваржилтын нөхцөл байдал хүндэрсэн.

 

Үүний улмаас зам даваа хаагдаж, зорчих хөдөлгөөн хязгаарлагдсан тул малчдын мал мах, өвс тэжээл зөөх, отор нүүдэл хийх зам давааг нээх ажлыг 18 албан хаагч, 2 техниктэй 10 хоног ажиллаж, нийт 341 км замыг хэвийн болгож, зорчих хөдөлгөөнийг нээсэн байна.

 

Тус суманд Завхан аймгийн Яруу сумаас 1 өрх, Баянхонгор аймгийн Өлзийт сумаас 1 өрхийн 8 ам бүл, 5 хүртэлх насны 3 хүүхэд, 1 жирэмсэн эх нийт 996 толгой малтай өвөлжиж, хаваржиж байна.

 

Сумын аюулгүйн нөөцөд нийт 28 тн өвс, 20 тн тэжээл бэлтгэснээс өнөөдрийн байдлаар 23 тн өвсийг 920 өрхөд, 20 тн тэжээлийг 800 өрхөд олгоод байна.

 

Засгийн газрын 2023 оны 449, 479 дүгээр тогтоолоор улсын Онцгой комиссоос хямдралтай үнээр 27.5 тн тэжээл хуваарилсныг 4 багийн малчин болон мал бүхий 863 өрхөд мөн 1-200 толгой малтай 237 өрхөд олгожээ.

 

Мөн Засгийн газрын 2024 оны 63 дугаар тогтоолоор улсын Онцгой комиссоос үнэгүй олгож буй эхний ээлжийн 13 тн хивгийг 520 өрхөд олгосон байна.

Цаашид дахин олгох тусламжийн хивгийг бусад үлдсэн малчин болон мал бүхий өрхүүдэд олгохоор төлөвлөжээ.

 

Өлзийт сум 2023 оны жилийн эцсийн мал тооллогоор нийт 354791 толгой мал тоолуулсан бөгөөд зудаар 4823 толгой мал хорогдоод байна.

相关新闻