ЗАВХАН: Армийн генарал Б.Доржийн хөшөөнд цэцэг өргөв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2024 оны гуравдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Монгол Улсын баатар, армийн генерал, дипломатч Батын Доржийн хөшөөнд өнөөдөр Завхан аймгийн
хүчний байгууллагуудын төлөөлөл цэцэг өргөлөө.
Монгол цэргийн өдөр, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн
байгуулагдсаны түүхт 103 жилийн ойн баярыг тохиолдуулан Монгол Улсын баатар
Батын Доржийн хөшөөнд цэцэг өргөх ёслолд аймгийн Засаг даргын орлогч Ц.Улам-Оргих, ЗДТГ-ын дарга
Т.Рэнчинванжил, Улиастай хотын захирагч Ч.Наранбат болон төрийн цэргийн, хууль
сахиулах байгууллагуудын удирдлагууд, алба хаагчид, ахмад дайчдын төлөөлөл
оролцлоо.
Баруун хязгаарыг тохинуулж, хилийн зурвасыг тогтооход гар бие оролцсон монголын анхны армийн генерал Батын Дорж нь манай улсын анхны бөгөөд цор ганц армийн генерал юм.
Монгол Улсын баатар Батын Дорж
1914 онд Сайн ноён хан аймгийн хошууч Мэргэн бэйсийн хошуу буюу одоогийн Завхан аймгийн Алдархаан сумын нутагт төржээ. Цэргийн албанд 1935 онд татагдан, Улаанбаатар хот дахь нэгдүгээр морьт дивизийн Бага даргын сургуульд хуваарилагдсанаар түүний Монгол Улсын батлан хамгаалах, дархан хилийн бүрэн бүтэн байдлыг хангах их үйлсийн гараагаа эхэлсэн байна.
Армийн генерал, хөдөлмөрийн баатар Б.Дорж агсны мэндэлсний 95 жилийн ой 2009 онд тохиосон бөгөөд энэ үеэр түүний дурсамж үзэсгэлэнг олонд танилцуулсан юм. Тус үзэсгэлэнд түүний эдэлж хэрэглэж байсан эд өлгийн зүйлс, дүрэмт хувцас, гэрэл зургуудыг олны хүртээл болгосон юм.
Армийн генералын хөшөөнд цэцэг өргөв
Түүний Монгол орны бүрэн эрхэт тусгаар тогтноход оруулсан хувь нэмрийг нь хойч үеийнхэнд үлгэрлэн сануулах үүднээс Завхан аймгийн Улиастай, Алдархаан, Ховд аймгийн Үенч суманд хөшөө дурсгалыг нь босгон мөнхжүүлсэн байна.
Мөн нийслэлийн 13-р хорооллоос Цайз зах хүртэлх өргөн чөлөөг түүний нэрэмжит болгосноос гадна “Монгол Улсын баатар хилчид” цогцолборт хөргийг нь гантиг чулуун дээр урлаж байршуулсан байна.