ЗАВХАН: Тив, дэлхийн аваргууд орон нутагтаа таеквондогийн спортыг хөгжүүлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2024 оны гуравдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Завхан аймагт олон улсын таеквондогийн аймгийн аварга шалгаруулах 13 дахь тэмцээн болж аваргуудаа тодрууллаа.
Энэ удаагийн тэмцээнийг Цагаанхайрхан сумын 100 жилийн ойд зориулан дэлхийн аварга, Ази тивийн хошой аварга тамирчин С.Будхүүгийн санаачилгаар сумын ЗДТГ, ерөнхий боловсролын сургууль, аймгийн Биеийн тамир спортын газар хамтран зохион байгуулав.
Завхан аймагт тив, дэлхийн аваргууд ажиллаж амьдарч байгаагийн үр дүнд таеквондогийн спорт хөгжиж байна.
Таеквондогийн дэлхийн, Ази тивийн хошой аварга тамирчин С.Будхүү Завхан аймагт ажиллаж амьдардаг бөгөөд "Цэцэн шонхор" клубийг үүсгэн байгуулсан төдийгүй орон нутагт энэ спортыг хөгжүүлэхээр олон талын үйл ажиллагааг зохион байгуулдаг юм.
Аймгийн аварга шалгаруулах олон улсын таеквондогийн энэ тэмцээнд Улаанбаатар хот болон Завхан аймгийн тамирчид оролцсон байна.
Мөн аймгийн 8 сум сургуулийн 180 орчим тамирчин дөрвөн насны ангиллаар оролцжээ.
"Таеквондогийн спорт таван төрөлтэй бөгөөд энэ удаагийн тэмцээн гурван төрөлд аваргуудаа шалгаруулснаараа онцлог боллоо. Тулаан, эргэлттэй өшиглөлт, онцгой чадвар гэсэн төрлүүдийг Завхан аймагт илүү хөгжүүлэхээр тамирчдаа бэлтгэдэг. Дээрх гурван төрлөөр тэмцээнд оролцсон тамирчид маань өрсөлдсөн.
Таеквондогийн спортоор бүх насныхан хичээллэдэг бөгөөд өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд давхардсан тоогоор 760 гаруй хүүхэд, залуучууд идэвхтэй хичээллэж байна. Түүнчлэн 6 сум таеквондогийн клубтэй болсон бөгөөд жил бүр аймгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцогчдын тоо нэмэгдэж, тамирчдын чадвар ч сайжирч байна.
Дээрх сумдад манай шилдэг тамирчид ажиллаж амьдарч байгаа нь бас эерэг нөлөө үзүүлж байна. Тухайлбал Улиастай сумын Дэвшил сургуульд Азийн аварга хүүхэд суралцаж байна. Цагаанхайрхан суманд гэхэд мөн Азийн аварга тамирчин багшилж, таеквондогийн спортыг орон нутагтаа хөгжүүлэхээр ажиллаж байна.
Хүүхэд, залуучууд таеквондогийн спортоор тууштай хичээллэх нь олон сайн талтай. Хүүхэд бие, сэтгэлийн хувьд эрүүл, чийрэг, тэвчээр хатуужилтай, хамгийн гол нь бусдыг хүндэлж сурдаг" гэж Ази, дэлхийн аварга тамирчин С.Будхүү хэллээ.