БАЯНХОНГОР: Хүмүүн бичигтэн хамт олон

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-03-12 10:53:24

2024 оны гуравдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Өлзийт сумын Засаг даргын Тамгын газар 2020 оноос хойш хамт олноороо Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагаас эрхлэн гаргадаг "Хүмүүн бичиг" сониныг захиалж, монгол бичгийн унших, бичих ур чадвараа дээшлүүлж байна. 


Тус хамт олон 2024 оны гуравдугаар сараас эхлэн “Монгол бичиг үндэсний хөтөлбөр-III”-ийн хүрээнд төрийн албан хэргийг үндэсний болон кирилл үсгээр хослуулан турших ажлыг эхлүүлж, Засаг даргын захирамж, Тамгын газрын даргын тушаалыг монгол бичгээр хөрвүүлэн бичиг ажлыг эхлүүлжээ.


Мөн Засаг даргын Тамгын газар нь Монгол Улсад чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015 стандартыг нэвтрүүлэхээр зөвлөн туслах үйлчилгээ авах гэрээг "Тэнүүн сэтгэмж" ХХК-тай байгуулж, энэ долоо хоногт анхан шатны сургалтуудаа авч байгаа юм. Чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлэхдээ хамгийн бага баримт бичиг боловсруулж, хамгийн үр дүнтэйгээр хэрэгжүүлэх, байгуулагад эрсдэлд суурилсан сэтгэлгээг бий болгох зорилготой. 

Энэ хүрээнд бүх хаягаа монгол бичиг болон кириллээр хослон бичих ажлыг зохион байгуулж байна.


Тус хамт олон сумын Хэлний бодлогын салбар зөвлөлөөс зохион байгуулсан "Сайхан бичигтэн" уралдаанд идэвхтэй оролцож, Угтах үйлчилгээний ажилтан Б.Амарсанаа гуравдугаар байр эзэлжээ.


Ташрамд, Цэцэрлэг мандал уулын аймгийн Баянзүрхийн хошууг сумдын зохион байгуулалтад оруулсны нэгийг Өлзийт сум хэмээн нэрлэсэн түүхтэй Баянхонгор аймгийн Өлзийт сум 100 жилийн түүхт ойгоо энэ онд тэмдэглэнэ. 

相关新闻