ӨВӨРХАНГАЙ: 450 тонн тэжээлийг өвөлжилт хүндэрсэн 11 сумын малчдад үнэгүй олгоно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Арвайхээр,
2024 оны хоёрдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Аймгийн нутаг дэвсгэрийн 90 гаруй хувьд цастай, Богд, Төгрөг,
Хужирт, Есөнзүйл, Хархорин, Баян-Өндөр, Бат-Өлзий, Бүрд, Зүүнбаян-Улаан сум
цагаан зудтай, Өлзийт,
Баруунбаян-Улаан сум төмөр зудтай гэх эрсдэлийн
үнэлгээ гарчээ.
Улсын болон аймгийн Онцгой комиссоос малчдад өвс, тэжээлийн тусламж үзүүлэх бүх талын арга хэмжээг авч байгаа юм. Аймгийн аюулгүй нөөцөөс 425 тонн ногоон тэжээлийг нэг боодлыг нь 8000 төгрөгөөр сумдад хуваарилж, хангайн сумдын малчин айл өрх тус бүрд 182 кг нүүрсний дэмжлэг үзүүлсэн байна.
Улсын Онцгой комиссоос он гарсаар 600 гаруй тонн тэжээл, 700 тонн долооц, 300 тонн эрдэст тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгоод байгаа бол энэ удаа 450 тонн тэжээлийг өвөлжилт хүндэрсэн 11 сумын малчдад үнэ төлбөргүй олгох ажил өнөөдөр эхэллээ.
Аймгийн
Онцгой байдлын газар,
Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн 14 алба хаагч туулах
чадвар сайтай дөрвөн авто
машинтайгаар замд гарсан бөгөөд малчдад өвс, тэжээлийг хүргэх, цасанд боогдсон
зам, давааг гаргах ажлыг гүйцэтгэж байна.