Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Гадаад хэргийн эмэгтэй сайд нартай уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-02-20 09:05:50

Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Аюулгүй байдлын асуудлаарх Мюнхений 60 дахь удаагийн бага хурлын үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг зарим улс орны Гадаад хэргийн эмэгтэй сайд нартай энэ сарын 17-нд уулзав.


НҮБ болон олон улсын бусад байгууллагын хурлын үеэр уламжлал болон зохион байгуулж буй тус уулзалтад 10 улсын Гадаад хэргийн эмэгтэй сайд нар оролцож, олон улсын засаглал, тогтолцоо, зэвсэгт мөргөлдөөн, уур амьсгалын өөрчлөлт, худалдаа, олон улс болон бүс нутгийн сорилтуудыг даван туулах арга зам зэрэг асуудлаар санал солилцсон юм. Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг энэ оны наймдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Улаанбаатар хотноо зохион байгуулахаар төлөвлөж буй Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтын талаар мэдээлж, сайд нарыг өргөнөөр оролцохыг уриалав.


Үүнээс гадна Монгол Улсын Гадаад харилцааны сайдын санаачилгаар “Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын сүлжээ” -г бий болгож байнгын харилцаа холбоотой ажиллаж хамтын ажиллагааг идэвхжүүлэхээр тогтов. Энэ удаагийн Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалтаар сайд нар Афганистан дахь эмэгтэйчүүд, хүүхдүүдийн эрхийг хамгаалах асуудлаар тусгайлан санал солилцож, уулзалтын дүнгээр Хамтарсан мэдэгдэл гаргаад байна.

相关新闻