БУЛГАН: Өвөлжилт хүндэрсэн сумдад өвс, тэжээл хүргэнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган, 2024 оны хоёрдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Аймгийн онцгой комисс 2024 оны хоёрдугаар сарын 17-нд хуралдаж, өвөлжилт хүндэрсэн сумдад 19800 кг тэжээл, 7000 боодол өвс олгохоор шийдвэрлэжээ.
Булган аймгийн Баяннуур, Дашинчилэн, Гурванбулаг, Рашаант, Сайхан суманд өвөлжилт хүндэрсэн бөгөөд Баяннуур сумын нутаг дэвсгэрт тал газартаа 30-40 см, гуу жалганд 90-150 см хунгартай байна. Бусад сумаар тал газартаа 25-30 см, гуу жалганд 60-80 см цастай байна.
Хуралдаанаар 16 сум, 1 тосгоны удирдлагуудтай цахимаар холбогдож, цаг үеийн нөхцөл байдалтай танилцлаа. Аймгийн онцгой комиссын зүгээс өвөлжилт хүндэрсэн сумдын нэн шаардлагатай тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэж, нийт суманд өвс, тэжээлийн болон шаардлагатай тоног төхөөрөмжийн тусламжийг үзүүлэхээр боллоо
Өнөөдөр Баяннуур, Дашинчилэн, Гурванбулаг, Рашаант, Сайхан суманд өвс тэжээл хүргэхээр аймгийн шуурхай штаб, Онцгой байдлын газрын баг бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна.
Мөн Булган сумын 6 дугаар баг залуус хороололд халиа тошин үүсэж голын голдирлыг өөрчлөхөөр удаан хугацаанд ажиллаж байгаа бөгөөд мөс цөмлөх шаардлагатай байгаа, үүссэн тошинг арилгахад шаардагдах хөрөнгийг аймгийн Онцгой комиссоос шийдвэрлэв.
Аймгийн ХЖТ-ын дулааны
шугамын гэмтлийг засварлах, усны алдагдлыг шийдвэрлэхэд шаардагдах хөрөнгийг
мөн адил шийдэхээр боллоо.