Дэлхийн дундаж температур нэгдүгээр сард түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ВАШИНГТОН, 2024 оны хоёрдугаар сарын 15 /NHK/. Өнгөрсөн сар дэлхийн түүхэн дэх хамгийн дулаан нэгдүгээр сар болсноор 2023 оны зургаадугаар сараас хойш есөн сар дараалан түүхэн дээд үзүүлэлт бүртгэгдлээ гэж АНУ-ын Далай тэнгис, агаар мандлыг судлах үндэсний газраас /NOAA/ мэдэгджээ.
Лхагва гарагт нийтэлсэн тус байгууллагын тайланд дурдсанаар,
нэгдүгээр сард дэлхийн хуурай газар, далайн температурын дундаж нь тус
агентлагийн 175 жилийн түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлтэд хүрчээ.
Тухайлбал, дэлхийн
гадаргын температур XX зууны дундаж
болох 12.2 хэмээс 1.27 хэмээр нэмэгдсэн
байна. Энэ нь 2016 оны нэгдүгээр сард бүртгэгдэж байсан өмнөх дээд үзүүлэлтээс 0.04 хэмээр
илүү байжээ.
NOAA-гийн мэргэжилтнүүд мөн 2024 он дэлхийн түүхэн дэх хамгийн дулаан жил болж тэмдэглэгдэн үлдэх магадлал 22 хувь, эхний тавд бичигдэх магадлал 99 хувьтай байна гэж таамаглаж байна. Эль-Нино үзэгдлийн нөлөө нэгдүгээр сард үргэлжилсэн боловч дараагийн хэдэн сарын хугацаанд багасах магадлал 80 орчим хувьтай байгаа ажээ.