Хойд мөсөн далайн мөс хурдацтай хайлж байгаа нь дэлхийн дулаарал хурдацтай явагдаж буйн дохио
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИНЖЕНЕВ. /VOA/. Хойд мөсөн далайн мөс тооцоолж байснаас илүү хурдтай хайлж байгаа нь цаг уурын тогтолцоонд эрс өөрчлөлт гарсныг илтгэж байна гэж Дэлхийн Цаг уурын байгууллага /WMO/ саяхан анхааруулжээ.
Аюултай өөрчлөлтүүдийг даван туулахад тус дөхөм үзүүлэх үүднээс Хойд мөсөн далайд ажиглалтын цэгүүдийг байгуулахыг тус байгууллага уриалсан байна. Сүүлийн жилүүдэд дэлхийн цаг агаарын дулаарал нэмэгдсээр байгаа бөгөөд өнгөрсөн 150 жилийн хугацаанд хийсэн цаг уурын албаны бүртгэлээс харахад, 2016 он хамгийн халуун жил болжээ.
WMO-гоос гаргасан мэдээллээр, Хойд мөсөн далайн цаг агаар дэлхийн дунджаас хоёр дахин хурдацтайгаар дулаарч байгаа аж.
Зуны улиралд мөс хайлах хамгийн оргил үед Хойд мөсөн далайн мөсний хэмжээ газар нутгийн дөнгөж 40 хувийг бүрхэж байгаа нь 1970 болон 1980 оныхтой харьцуулбал нэлээд бага үзүүлэлт юм. WMO-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Питерри Таалас-ын хэлснээр, цаг агаарын энэ хурдацтай өөрчлөлт нь дэлхийн эко системд маш ноцтойгоор нөлөөлж байна.
Тухайлбал, зарим төрлийн амьтдын хувьд эдгээр өөрчлөлтүүдэд дасан зохицох нь маш хэцүү байна. Үүний жишээг цагаан баавгайнуудаас харж болно. Эдгээр өөрчлөлтүүдийг даван туулах нь далайн хав болон зарим шувуудад ч хэцүү байгаа бөгөөд энэ нь цаашдаа загаснуудад ч нөлөөлөх хандлагатай байна” гэжээ.
П.Тааласын хэлснээр, Арктикийн бүс дэх мөнх цэвдэг хайлж байгаа нь хүлэмжийн хийг асар ихээр нэмэгдүүлэх эрсдэлийг бий болгож байгаа бөгөөд ингэснээр дэлхийн дулаарал улам хурдсах юм.
Нөгөөтэйгүүр, Хойд мөсөн далайн мөс хайлж байгаа нь тээвэр болон аялал жуулчлалын салбаруудад шинэ боломжуудыг нээн өгч байна. Энэ нь Европ болон Зүүн Азийн хооронд явдаг усан онгоцны замыг илүү дөт болгох юм.
Үүний сацуу Хойд мөсөн далайгаар зорчих үед осол гарах, элдэв төрлийн тос шингэн асгарах эрсдэлийг нэмэгдэх бөгөөд ийм тохиолдолд асгарсан тосыг цэвэрлэх нь маш хэцүү байх болно. Эдгээр эрсдэлийг сөрөн зогсохын тулд Хойд мөсөн далайн цаг агаарын ажиглалт болон далайн навигацийн үйлчилгээг сайжруулах нь чухал байна.
Х.Сарнай