“Ажлын байрны бэлгийн дарамтыг зогсоох нь ” хэлэлцүүлэг боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНОрхон аймгийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтэс “Ажлын байрны бэлгийн дарамт- Эрх зүйн орчин” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа. Уг хэлэлцүүлэгт төрийн болон төрийн бус байгууллагын манлайлагч эмэгтэйчүүдийн төлөөлөл оролцлоо.
Хэлэлцүүлгийн зорилго нь ажлын байрны бэлгийн дарамтлалыг зогсоохын тулд хууль, эрх зүйн орчинг боловсронгуй болгох, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд саналаа тусгахад оршиж байгаа юм. Ажлын байрны бэлгийн дарамт нь нууц далд үйлдэгддэг тул үүнийг олон нийт мэдэхгүй байх, цаашлаад бэлгийн дарамт үзүүлж буй албан тушаалтан, иргэн нь хариуцлага хүлээхгүй байх эрсдэлтэй юм. Иймд “Ажлын байрны бэлгийн дарамтлалыг зогсоох Эрх зүйн орчин орчин сайжруулахад нөлөөлөх нь” төсөл үндэсний хэмжээнд хэрэгжиж байна. Уг төслийг “Ажлын байрны бэлгийн дарамттай тэмцэх” эмэгтэйчүүдийн ТББ-уудын эвсэл санаачилсан ажээ.
Дашрамд дурдахад, өнгөрсөн онд Төв аймагт ажлын байрны бэлгийн дарамтлалтай холбоотой ноцтой хэрэг гарсан. Ийм төрлийн хэргийг цаашид гаргахгүйн тулд хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлагатай байгаа юм. Ажлын байрны бэлгийн дарамт нь хохирогчийн бэлгийн эрх чөлөөний халдашгүй байдалд хохирол учруулах төдийгүй хөдөлмөр эрхлэх, хөгжих, өөртөө итгэх итгэл болон өөрөө шийдвэр гаргах эрхэд бүхэлд нь халдсан хүйсийн хувьд ялгаварлан гадуурхсан үйлдэл юм.
Б.Оюун-Эрдэнэ