Чинагийн Галсан: Герман хэлийг 62 жил сурч байна, насаа отголтол суралцсаар байх болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2024-02-06 15:40:00

Булган, 2024 оны хоёрдугаар сарын 6  /МОНЦАМЭ/ Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Чинагийн Галсан 37 номоо герман хэлээр бичиж, уншигчдадаа хүргэсэн байна.  


Тэрбээр 1944 онд Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд малчин ард Чинагийн хөвүүн болон төрсөн. Герман улсын Хүмболтын их сургуулийг улаан дипломтой төгссөн түүний анхны зохиол нь "Тува туужууд" нэрээр 1981 онд герман хэлээр хэвлэгдсэн. Хожим нь "Аянгат цагийн тууж", "Арван сарын тэнгэр дор" туужууд, "Алаг хорвоогийн гэрэл, сүүдэр" аян замын тэмдэглэл, "Эр хар сур" номууд нь монгол хэлээр, бусад 37 номоо герман хэлээр бичжээ. 

 


 

Германд очсон анхны өдөр


-Герман улсад очсон анхны өдөр их дурсамжтай байдаг болов уу?

-Германд очсоны анхны өдрөө маш их шантарсан. Маш их айсан, маш их ичсэн. Юу гэвэл, бидний 10 хүүхэд Германд суралцахаар очиж байгаа юм л даа. Ес нь Улаанбаатар хотын орос сургуулийн нэг ангийн хүүхдүүд. Бид Элчин сайдын яаманд буугаад Берлиний буудалд очдог юм байна. Нөгөө хүүхдүүд герман хэлийг 6 жил үзчихсэн байв. Би герман хэл байтугай цагаан толгойг нь ч үзээгүй байдаг, одоо яана даа гэж бодож суутал хамт очсон нэг охин хэлж байна, “Бид ч яах вэ энэ хэлийг бараг мэднэ. Зүгээр зүгшрүүлэх л хэрэгтэй байна. Бас орос хэлтэй. Дээрээс нь бид соёлтой. Харин энэ нэг хүүхэд латин цагаан толгой ч байхгүй, нүүрээ угааж чадахгүй хүүхэд байна. Манай дарга нар ийм бодлогогүй юм хийж байна даа" гэлээ.

Би бүр ичээд, нүүр хагарахаа шахсан. 1962 оны 8 дугаар сарын 29-ний өдөр болж байгаа үйл явдал л даа. Энэ явдал надад их хэрэг болсон. Тэр үг миний зүрхээр ороод, монгол хүний цусанд байдаг малчин маягийн удаан, хэнэггүй занг мулт цохиод хаячихсан даа.


Тэр шөнөө айсан амьтан унтаж чадсангүй. Шөнө 4 цагийн үед босоод, Монгол-Герман хэлний толь гаргаж ирээд цагаан толгойн үсгээ сурч эхэлж байгаа юм. Тэр шөнө, маргааш шөнө, дараа дараагийн шөнө... Түүнээс хойш 18 мянган өдөр, шөнө өнгөрчээ. Энэ бүгдэд би шөнийн 4 цагт босож ажиллаж хэвшив.


Сурч мэдүүлэхийн тулд хүн болгоныг доргиож чадвал сурдаг л юм билээ. Онож хэлсэн ганц үг байраа олбол маш  их эрч хүчийг өгдөг гэдгийг би тэр үед л мэдэрсэн дээ. Тэр охин бол намайг доромжлоогүй харин, миний төлөө санаа нь зовж хэлсэн ганц үг нь л намайг ирлэж өгчээ гэж боддог. Одоо ч би тэр охинд баярлаж явдаг.

 

-Герман хэлийг сурахад бэрхшээл хэр тулгарав. Зохиол бүтээлээ энэ хэлээр туурвитлаа сурсан юм болохоор их цаг хугацааг зориулсан уу?

-Би 1962 онд анх герман хэлтэй нүүр тулж, тасралтгүйгээр 62 жил суралцаж ирсэн. Үүнээс ч хойш насаа отголтол суралцсаар л байх болно. Герман хэл бол их хэцүү. Монголоос шал өөр статустай ер нь бэрх л дээ.

Ерөнхийдөө герман хэлийг үгээр сураагүй, бараг өгүүлбэрээр сонсдог, сонссоноо тогтоочихдог, мартана гэдэг ойлголт огт байхгүй, тэгээд маш уйгагүй хөдөлмөрлөж, зүтгэж байгаад л ард нь гардаг байлаа.

Өөртөө их том зорилго тавина. Тэр зорилго нь  хүнтэй нэг учраа олоод хаанаас ирснээ, юу хийх гэж байгаагаа хэлчихдэг, юу хэрэгтэйгээ асуучихдаг болох юм сан. Энэ герман нөхөр шиг чөлөөтэй сайхан ярьж сурах юмсан гээд хичээнэ. Гаднаас сурсан хүн чинь хичээгээд хичээгээд яг тэдэн шиг аялгуутай бол хэзээ ч сурч чадахгүй л дээ.

  

"Герман хэлийг гурван үгээр баяжуулна" гэж амлаад их айж билээ


-Оюутан цагийнхаа сайхан дурсамжаас хуваалцаж болох уу. Сургуулиа хэрхэн төгсөж байв?

хлээд хэлний институт орж хичээж зүтгэж хөдөлмөрлөж байсан минь багш нарын нүдэнд маш хурдан өртдөг юм байна. Тэгээд гурван сар болоход анхныхаа шагналыг авсан. Өвлийн амралт, зулын 25-ны баяр гэдгээр бүх оюутан амраад явахад намайг институтуудын зардлаар хоёр долоо хоног Хүдэрийн уул хэмээх их гоё ууланд амраасан. Түүндээ урамшаад зүтгэсээр байгаад өндөр авчихаар чинь хурдатгалд орчихдог юм байна билээ. Тэгээд л их сургуульд очиход үлгэр жишээ оюутан болоод дээшээ л яваад байсан. Ингэж л мөрөөдөл, зүтгэл дүүрэн явсаар зургаан жил болоод их сургуулиа улаан дипломтой төгсөж, 1968 оны 7 дугаар сарын 13-нд Лайпциг хотын захиргааны ёслолын зааланд диплом гардуулах хурал болсон. Тэр жил Герман болон гадаадын бүх оюутныг төлөөлөн намайг 15 минутаас хэтрэхгүй  үг хэлэх даалгавар өгсөн. Би тэр үгээ бүр шөнөжин сууж бодож байгаад хэлсэн юм.


“Та бүхэнд их баярлалаа. Би Германыг хэзээ ч мартахгүй. Би тийм тийм зохиолыг орчуулна. И.В.Гётегийн "Фауст"-ыг германаас монголоор орчуулж гаргана. Л.В.Бетховены 9 дүгээр симфонийг монгол айл болгоны босгоор алхуулна, Антон Дюрерийн туулайг монгол хүүхэд болгоны найз нөхөр болгоно. Тэгээд би "Герман хэлийг гурван үгээр баяжуулна", баяжуулсан цагтаа та бүхний ачийг хариулжээ гэж бодно, түүнээс нааш тайвшрахгүй ээ"


 гэсэн чинь нижигнэтэл алга ташаад л байв. Сүүлд бодоход бүр айх шиг болсон. Би одоо герман хэлийг баяжуулах гэж юу байх вэ, Германы мундаг мундаг зохиолчид чинь нэг ч үг нэмж чадаагүй л явсан байгаа шүү дээ.  

 

Аделберт фон Шамиссогийн шагналыг авсан анхны Ази хүн болов


-Аделберт фон Шамиссогийн шагналыг та хүртсэн. Хэлсэн үгэндээ хүрч, тийм үү. Герман хэлийг хэрхэн баяжуулсан гэж үнэлэгдсэн бэ?


-2001 онд тэр амлалтаа өгснөөс хойш 33 жилийн дараа биелж, герман хэлээр зохиолоо бичиж дэлхийн утга зохиолын санд хувь нэмрээ оруулсан гадаадын зохиолчид олгодог Аделберт фон Шамиссогийн шагналыг Ази тивээс анх хүртэж байлаа.

Германы Кёльн хотын захиргааны ёслолын танхимд Хаямида Фандудоровын шагналыг герман хэлийг сайжруулсан үг үндэслэлийг минь тоочин хэлээд гардуулж байв. Нээрээ л Германы уран зохиолд биш герман хэлэнд тус дэмжлэг болж байгаа юм байна гэж бодогдоод явчихдаг юм билээ. Өөрийгөө үнэлж буй нь тэр шүү дээ.

Хаямида Фандудор гэдэг хүн тэр үеэс 100 жилийн өмнө амьдарч байсан алдартай Австрийн зохиолч, хэлний мастер байжээ. Герман хэлийг сайжруулсан хүнд өгдөг тийм шагнал шүү дээ. Тэр шагнал дээр юу байсан гэж бодож байна? Гучин мянган дойч марк. Би гучин мянган дойч марк байтугай гучин дойч маркийн ч бараа хараагүй л явсан. Монгол мөнгөөр бол маш их мөнгө байхгүй юу. Ингээд шууд саятан боллоо.

Хамгийн эхлээд миний авсан шагнал бол нөгөө Аделберт фон Шамиссогийн шагнал гэхэд чинь 10 мянган ам. доллартай ирсэн.

1971 онд герман хэлээр гарсан "Тува туужууд" буюу "Аянгат цагийн дууль" киноны зохиол 1986 онд монгол хэлээр гарсан байдаг.

Түүнийг өрнөдийн уншигчид Германы Эрвин Штриттматер, Дагестаны Расул Гамзатов, Киргизийн Чингиз Айтмотав тэргүүт их зохиолчидтой эн тэнцүү хүлээн авч, үнэлдэг юм билээ.

 

 

Герман хэлээр 37 ном бичжээ


-Та номоо шууд герман хэлээр бичиж байна уу, монгол эсвэл тува хэлээр бичээд, орчуулж байв уу?

-Би 42 уран зохиолын ном гаргаад байна. Герман хэлээр 37 ном бичиж хэвлүүлсэн. Миний мэдэж байгаагаар, дэлхийн 18 хэлээр номуудыг маань хэвлэчихсэн байна. Арван найм дахь нь “Чингис хааны есөн зүүд гэдэг роман. Одоо Иранд перс хэлээр хэвлэгдээд ес хонож байна. Орчуулсан залуу Ювер Мейлер, "Таны ном Ираны номын сангуудаар гараад 3 хонож байна" гэж ярьсан. За тэгээд, Япон, Солонгос, Хятад, Израил Испани, Дани улсад хэвлэгдсэн байгаа. Энэ 37 номыг анхнаасаа герман хэлээр бичсэн.

 

Олон зүйлийг таниулсан тува тууж 


-"Аянгат цагийн тууж" эхлээд тува тууж нэртэй байсан. Уншигчид хэр хүлээж авсан бэ, хэдэн хэлээр хэдэн удаа хэвлэгдэв?

 


-"Аянгат цагийн тууж" анх герман хэлээр гарч байсан. Уг нь тува тууж. Одоо монголоор орчуулагдсан. Энэ тууж минь олон хэлээр гарлаа даа. Хориод хэлээр гарсан. Монгол хэлээр гарсан хоёр дахь хэвлэл нь дуусчихсан. Анхны хэвлэл нь тэр дороо дууссан байсан. Ингээд гарахгүй уншигчид олон жил энэ номоор цангаад, намайг шахамдуулаад байхаар, бор хүү минь энэ номыг минь дахиж хэвлэж өгсөнд өвгөн би магнай хагартлаа баярлана гэгч болж байна аа. Энэ номыг уншсан бүх хүнд би "Насыг минь аваарай, сэтгэлийг минь аваарай, буяныг минь аваарай, жаргалыг минь аваарай... Зовлонг минь битгий аваарай" гэж ерөөнө дөө.


Тува тууж Ч.Галсан гуайн анхны ном, Герман хэлээр бичиж хэвлүүлсэн анхны ном, монгол хэлээр  хэвлүүлсэн бас л анхны ном нь, дэлхийн 20-иод хэлээр хамгийн олон хэвлэгдсэн ном юм. 


Аньсага чийгтүүлэх гайхалтай зохиол болжээ. Бодит явдлаас сэдэвлэсэн болоод ч тэр үү цаг төрийн үнэн байдлыг тусгасандаа ч тэр үү "амьд санагдлаа". Жанибек гэж хүний ганц хүү Баянак цэргийн албанд очоод халагдах дөхсөн баярт мөч ойртсон цагт цэргээс оргож нутгаа тэмүүлнэ. Олон өдөр сараар нутаг руугаа л амь тэмцэн очиж нутгийнхаа бараа, хүн зоныхоо байдлыг харах гэж очих залуу. Сэтгэл цагаан Баянак гэнэн алдааныхаа төлөөсөнд хүйтэн суманд өртөн нас нөгчсөн сэтгэл эмзэглэм бодит түүхийг Чинагийн Галсан гуай герман хэлээр бичиж цөөн хэдэн тувачуудын түүхэнд үлдсэн хар толбоноос цагаатгаж буй нь, тувачууд гэж ийм улс байдаг юм шүү гэдгийг таниулж буй нь, цаг төр бусгаа үед ч монгол хүн гэж нэгнээ гэх сайхан сэтгэлтэй үндэстэн байсан юм шүү гэдгийг хойч үедээ таниулж буй нь миний хувьд маш их бахархам санагдлаа. Нэгийг бодож, хоёрыг тунгаан уншмаар гайхалтай зохиолоор 2024 оныг эхлүүллээ.

 

Chamisso-ийн шагналыг авахдаа хамгийн их

догдолж байлаа


-Та гурван улсын хүндтэй шагналаар уран бүтээлээ үнэлүүлсэн гавьяатай хүн. Хэзээ нь хамгийн их хөөрч догдолж байв?

-"Аянгат цагийн тууж" ном Дани улсад хэвлэгдээд шууд АЛОА BEST гэдэг шагнал авсан. Тэр ямар шагнал вэ гэвэл, Ази, Европ, Латин Америкийн зохиолчид дотроос жилд нэг "Шилдэг зохиолч"-ийг шалгаруулдаг юм. Ер нь дэлхийн утга, уран зохиолд олгодог 20 гаруй шагналыг авсан. Хамгийн том нь тэр ХБНГУ-ын Гавьяаны загалмайн одон юм даа. Түүнийг шинжлэх ухаанд шинэ нээлт хийсэн, Нобелийн шагнал авсан хүмүүст өгдөг юм. Би чинь Монгол, Герман, Тува гурван улсын гавьяат хүн шүү дээХамгийн эхлээд надад Гавьяаны одон өгсөн газар Герман, хоёр дахь нь ТуваТува улсаас би нэг өдөр 2 шагнал зэрэг авч байлаа. Ерөнхийлөгчөөс нэг шагнал аваад суух гэсэн чинь болоогүй, зогсож бай гэсэн. Тэгээд зарлиг уншаад ОХУ-ын Тувагийн бүгд найрамдах улсын Урлаг, соёлын гавьяат зүтгэлтэн өгч байгаа юм. Энэ одонг хэдэн жил болж байгаад нэг хүнд өгдөг тийм шагнал.

Хамгийн эхний шагнал авахдаа их догдолдог юм байна билээChamisso-ийн нэрэмжит шагналыг авахдаа яагаад тэгж их догдолсон юм гэвэл, би үг хэлнэ гэж бодоогүй гараад шагналаа авчихсан чинь та үг хэлж болно шүү дээ гэсэн. Тэгээд би жаахан бодолхийлээд… индэр лүү явж байхдаа бодсон. Тэр их гоё үг болсон.

Би маш их баярлаж байна. Намайг төрүүлсэн, ная гарчихаад сууж байгаа буянтай буурал ээжийнхээ төлөө баярлаж байна. Намайг буй болгосон, газар шороондоо шингээд арван хэдэн жил алдаагаа манаад сахиад хэвтэж байгаа аавдаа баярлаж байна. Ард түмэндээ баярлалаа. Хамгийн гол нь эртний соёлтой гэгддэг Хятад, Энэтхэгээс, тив алгасах пуужинтай Оросоос энэ шагналыг авсан хүн байхгүй. Тэгэхэд жижигхэн Монголыг онож энэ шагналыг өгсөнд маш их баярлаж байна.

Миний монгол гэдэг бол хоёр их гүрний хоорондох, алаг нүд шиг зууван хэлбэртэй. Тийм алаг нүдэн орныг олж ирсэнд их баярлалаа гээд л цаашаа зүгээр урсгаад өгсөн л дөө...” ингэж л догдолж Монголоороо бахархаж тэр шагналыг гардан авч байлаа.

Chamisso-ийн шагналыг Ази тивээс анх удаа авсан. Энэ нь өөр үндэстэн герман хэлээр чанартай уран бүтээл туурвисан тохиолдолд олгодог онцгой шагнал юм. Герман хэл дээр бүтээл  туурвилаа гайхалтай  бичдэг байсан францын алдартай  зохиолчийн нэр юм 


 



 

"Чинагийн Галсан сан"-гаас Монголд нэг сая мод тарихад, Германы уншигчид баяртайгаар дэмжсэн


-Та өөрийн хөрөнгөөр эх орондоо нэг сая мод тарьсан. 12 жилд тарьж дуусгасан гэдэг байх аа?

-Магадгүй 100 жилийн дараа нэгэн жаал хүү, “Тэр их ногоон ой хэзээ бий болсон бэ, байсан юм уу, ургуулсан юм уу” гэж асуувал, тэр үед түүх мэддэг нэгэн хүн “Үгүй дээ хүү минь, энэ их мод байгаагүй юм. 100 жилийн өмнө нэгэн зохиолч байсан юм. Тэр хүн өөрийн хөрөнгөөр эх орондоо нэг сая мод тарьж өгнө гэж амлаад, ном бичиж олсон бүх мөнгөө мод болгосон юм. Тэрбээр тарьсан моддоо миний хөшөө гэж хэлжээ. Энэ их ой модыг бүтээсэн хүнд бид талархах учиртай” гэж ярих болно. Мод тарьсан ачлалыг минь санан сүү цайныхаа дээжээ сүнсэнд минь өргөвөл би тэнгэрээс хараад баярлана. Бид богино настай, мод урт настай юм шүү. Миний хүүхдүүд мод тарьж байгаарай...

 

-Надад хүрэл хөшөөнөөс илүү эх оронд минь үлдэх ой чухал хэмээн тунхагладаг тэрбээр уран бүтээлээс олсон бүхий л санхүүгээрээ Монголдоо мод тарих хүсэл төрж, хэзээ ч зүгээр суудаггүй зангаараа үрсэлгээ худалдан авч, түүнийгээ арчлан суулгаж хандивлаж эхэлсэн байна. Түүний уншигчид Германы олон хотод сан байгуулж, мянга мянган мод тарихад нь сэтгэлийн болоод санхүүгийн дэмжлэг үзүүлж байсныг ч бахархалтайгаар дурсан ярив. Нэг сая дахь модоо Сэлбэ явах замд, Бэлх захаас цааш 3 км яваад Сэлхийн ам уруу зүүн тийш 500 м Гүнжийн булагт 2021 оны 10 дугаар сарын 15-нд тарьж, 1000 мод хожих үнэгүй сугалаа явуулж, түүний 12 жилийн дотор нэг сая мод тарих ажил дууссан байна.

                                      

Монголжсон герман бүсгүй Сабине


-Монголын эрс тэрс уур амьсгал, ёс заншил өдөр тутмын амьдралд дасахад хэцүү байсан уу?

-Герман орон бол сод авьяастнуудыг төрүүлсэн их соёлтой орон. Дэлхийн ногоон тивд байдаг зөөлөн дулаан уур амьсгалтай. Айл бүр нь хуучны эдлэлээ эрхэмлэдэг, хадгалдаг тул гэр нь музей шиг л байдаг.

Гэвч монгол бол бидний хувьд Швейцар, бас дээр нь их сайхан хамтач, ах дүүсэг, бүхнийг бүлээрээ шийддэг дулаахан сэтгэлтэй хүмүүс байдаг. Сэтгэлийнхээ сайхан дурсамж сайн чанарыг хадгалдаг хүмүүс санагддаг.

Германд бол хөгшин хүн хуучин цаас мэт, харин монгол хүн настай хүмүүсээ бурхан мэт хүндэлдэг их сайхан уламжлалтай.

 

Анх бид хоёр гэрлэчхээд байхад манайд зочноор Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэнгээс 2 хөгшин 3 залуу ирэхээр боллоо. Манай  хүн  яаж байрлуулах вэ гээд л ёстой нойр нь хүрэхээ байв. Таван ор, таван хөнжил бэлдэх хэрэгтэй. Идэх хоол хүнсийг нь яаж тохируулах вэ, юу юу захиалах вэ, хурдан авъя. Явахад нь ямар бэлэг өгөх гэх мэт олон асуудал бослоо.  

Би, зүгээр ээ зүгээр, чи зүгээр л байж бай, аяндаа бүтчихнэ гэвэл, Юу гэж? Аяндаа бүтдэг юм гээд л... За тэгээд ирлээ хө...Хүүхдүүд бүгдээрээ тосож аваад манай гал зууханд хоол унд хийлцээд хамт хооллоцгоов. За тэгсэн чинь нэг хүүхдийнх маргааш нь дуудаж, дараагийн хүүхдийнх гээд 3 өдөр хүүхдүүдээр зочлоод, нөгөө хүмүүсийн ерөнхийдөө явах хугацаа болчихлоо. Бид гэрээрээ биш, айлаараа хүлээж авч байгаа юм.

Монгол хүмүүс бол бүлээрээ асуудлыг шийддэг, "Бүтнэ дээ, болно доо" гээд л бүтээчихдэг, их том сэтгэлгээтэй хүмүүс.


-Германы уламжлалт баярт Монголынхтой адил болон ялгаатай тал байдаг уу?

-Огт өөр. Монголчууд ихэнх баярыг гэр бүлээрээ, ахан дүүсээрээ баярладаг бол Германд ганцхан Зулын 25-ны баяр л гэр бүлийн баяр. Христ 24-ний шөнө төрсөн гэдэг. Ариун шөнө гэж 24-нөөс 25-нд шилжих шөнө бэлгээ солилцоно доо.

Мөн төрсөн өдрүүдээ заавал тэмдэглэдэг. Хүний төрсөн өдрийг ер нь мартаж болохгүй, заавал баяр хүргэх ёстой, мартчихвал их гомдоно

Германд хөдөө гэж байхгүй. Манай монгол малчид шиг ийм цэлгэр уудам нутгаар малаа бэлчээх боломжгүй. Германд тариачид гэдэг үхэр малтай улсууд бий. Бүгд аж үйлдвэржчихсэн, автомат эрчимжсэн аж ахуйтай.

                                               

Бидний гэр бүл болсон түүх


Сабине Герман бүсгүй. Гэхдээ манай хотожсон бүсгүйчүүдээс хавь илүү монголжсон харь бүсгүй. Манай зохиолчдын дунд Монголд гэр бүл болсон гадаад эмэгтэйчүүдээс хамгийн монголжуу даруухан, хатан ухаантай, гэрийн эзнээ хүндлэн дээдэлж, өдөр бүр монгол хоол, цай хийж өгдөг, ундтай устай гэж ярилцдаг юм. Яагаа вэ, нөгөө Чинагийн Галсан гуайн нэрээр зочлоод л Сабинегийн нэрээр гардаг бичигдээгүй монгол зан байдаг шүү дээ.

"Усыг нь уувал ёсыг нь дагадаг" гэсэн үг түүнд л зориулсан мэт. Биднийг тос ханхалсан аагтай шаргал цай, буузаар дайллаа. Яг л ээжийнхээ гарын хоолыг идсэн мэт амттай. Яаж ингэж хийж сурав даа гэвэл, амтлаад, уугаад үзээрэй тэгээд л би монгол хүн болсон байна уу хэмээн даруухан инээж билээ.

 


-Та хоёр анх хэрхэн танилцаж байв?   

-Бид Хөвсгөлд явж байлаа. Энэ маань жил болгон Монголд ирдэг байв. Надад эргэлдээд л байсан амьтан байна билээ л дээ. Би дэн болон асаад, энэ маань дэнгийн эрвээхэй шиг эргэлдээд л байсан бололтой. Нэг орой хоолоо идчихээд, хоёулаа амраад хэвтэж байв.

Анхны хань минь өөд болоод олон жил болсон, ганцаараа явсан их хэцүү үе л дээ. Нэг жил яасан ч богинохон болчихсон юм, одоо ингээд л энэ хүн яваад өгнө гэж... Тэгээд, чи миний самган болох уу гэж асуулаа.

Тэгсэн чинь учиргүй инээгээд самган байхдаа яах вэ дээ гэж... Тэгээд юу гэж хэлэх ёстой юм гэсэн чинь... Би чамд хайртай, хоёулаа амьдран сууя гэж хэлдэг гэнэ.

Тэгээд би тайлбарлаж өглөө. Харин энэ маань “Та л зөвшөөрч байвал, надад татгалзах зүйл байхгүй ээ" гэж байна. Ингээд л аяга цайгаа хувааж уух болсон доо.

Сабине-Би түүний зохиосон ном бүрийг герман хэлээр уншдаг, дараагийн номыг нь сураг тавин хүлээдэг байлаа. Ер нь зохиол бүтээлд нь дурлаж татагдсаар бид гэр бүл болсон.

 

Монгол, Германы хамтын ажиллагааны 50 жилийн ой болно

 

-Удахгүй Монгол, Германы хамтын ажиллагааны 50 жилийн ой болно. Та 2-ын хувьд бол их хүндэтгэлтэй баяр байх болов уу?

-Монгол, Германы хамтын ажиллагааны 50 жилийн ой болох гэж байна. Бид 50 жил найрамдалт хамтын ажиллагаатай байсан, ардчилсан Германыг оруулбал бүр эрт л дээ. Ер нь, анх Герман руу 1927 онд явсан Д.Намдаг, Н.Наваан-Юндэн, Д.Нацагдорж, Намхайсүрэн, Цэрэн гээд алдартай хүмүүс байсан. Тэдгээр залуус явж ирснээс хамтын ажиллагааны суурь тавигдаж эхэлсэн гэж боддог.  


Тува түмний түүхийн музей байгуулна



Хүрэмдээ байтугай, талдаа багтахгүй эр болж өсөх өдөр чамд ирнэ ээ. Харин хүрмээ ч, талаа ч битгий мартаарай. Учир нь эгэлхэн, улаахан хүрэмд бага балчир нас чинь, намартаа шаргал, өвөлдөө цагаан талд эх орон, эх дэлхий чинь яваа шүү! Бас би байгаа! ... хэмээн “Арван сарын тэнгэр дор тууждаа бичиж уриалсан монгол эх оронч хүүгийн аав ээжийнх нь амьдарч байсан хашаа, байшинг тэрбээр саяхан өөрийн болгож авчээ. Тэнд Тува түмний түүхэнд үлдээсэн эр зориг, эх оронч үзэл, хэлмэгдлийн аянга цахилгаан шиг он жилүүдийг харуулсан музей байгуулах хэтийн зорилготойгоор ухаанаа уралдууланхан сууна аа. 


Эх орныхоо хөрсөнд хөшөө биш үндэс болно бид

        

Байшингийнхаа арын цонхон доор өөрийн гараар тарьсан хэсэгхэн ойтой. Тэнд байгаа мод бүр эзэнтэй, бүр эзнээ эцсийн замд нь тэвэрч, үндсэндээ нуух үүрэгтэй. Энэ модны дор хүүхдүүдийн минь ээж бий, тэр модны дор би очно, Сабине энэ модны дор гээд эмгэнэлтэй ч юм шиг, гунигтай ч юм шиг энэ ярианы ардаас бид гэр бүлээрээ энд нойрсоно. Эх дэлхийнхээ алга дарам газрыг ч хайрлах л хэрэгтэй. Эх орныхоо хөрсөнд хөшөө биш үндэс болно бид гэж ярихад нь агуу эх оронч юм аа гэж бишрэхээс өөр үг олдсонгүй... Цэнхэрхэн нүдэт жаахан Сабине ч бас үүнийг хүлээн зөвшөөрч баясгалантай байгааг харахад ямархан хувь тавилан юм бэ дээ, хонгорхон бүсгүй минь гэж халуухнаар тэвэрмээр их хайр ундарсан даа. Монгол хүнд, монгол нутагт хайртай Сабине минь.


相关新闻