Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт эдийн засгийн өсөлтийг жигд хангана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2024-01-29 13:39:21

Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Манай улсын эдийн засаг 2023 оны эцсийн байдлаар 6.8 хувиар өсөөд байна. Энэ нь бүс нутгийн хэмжээнд өндөр үзүүлэлт юм.


Уул уурхай, үйлчилгээний салбар эдийн засгийн өсөлтөд голлон нөлөөлж байгаа бол ХАА-н салбар 9 хувиар унаад буйг ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар “Шангри-Ла” зочид буудалд өнөөдөр болсон “Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт” форумыг нээж хэлсэн үгэндээ онцлон дурдлаа.

Тэрбээр, Засгийн газар эдийн засгийн өсөлтийг дунджаар тогтмол 6 хувьд “барьж”, гол нь салбаруудыг жигд өсөхөд анхааран ажиллана. ХАА-н салбар унаад байгаа нь тэнд хийх ажил их байгааг нэг талаар харуулж байна. Тиймээс бид үүнд илүү анхаарч, болж бүтэхгүй байгаа зүйлийг засаж залруулна гэв.

Эдийн засгийн өсөлтийг тогтмол байдлаар хангах нь иргэдийн орлого тогтвортой байх суурь нөхцөлийг бүрдүүлж, эдийн засгийн аюулгүй байдалд ч чухал нөлөөтэй гэдгийг тодотгосон юм.


2022 оны байдлаар 2.5 тэрбум ам.доллар байсан гадаадын шууд хөрөнгө оруулалтыг 2024 онд 4 тэрбум ам.долларт хүргэхээр зорьж байна.



Эдийн засаг дахь хувийн хэвшлийн оролцооны талаар тодруулахад, ДНБ-ний 79 хувийг эзэлж буй хувийн хэвшилд хөрөнгө оруулалт хэрэгтэй байна. Үүнд анхаарч байна. Өнөөдрийн форумыг хамтран зохион байгуулж буй АХБ энд томоохон хувь нэмэр оруулж байна.

Засгийн газар АХБ болон Дэлхийн банкнаас оруулах хөрөнгө оруулалтыг хувийн хэвшилд шууд олгох хүсэлтийг тавьж ирсэн. Үүний үр дүн эхнээсээ гарч, АХБ-наас 10 гаруй аж ахуйн нэгжид шууд хөрөнгө оруулаад байна. Өнөөдөр бид яг энэ асуудлаар буюу эдийн засаг, нийгмийн хөгжлийг хангахад ямар ямар салбарт хөрөнгө оруулах талаар АХБ-тай хэлэлцэж байна гэв.


Ч.Хүрэлбаатар: Засгийн газар АХБ-наас оруулах хөрөнгө оруулалтыг хувийн хэвшилд шууд олгох хүсэлтийг тавьж ирсний үр дүн эхнээсээ гарч байна.


Гадаадын зээл тусламж, хөрөнгө оруулалтаас гадна манай улсын төр, засаг хувийн хэвшлийг хэрхэн яаж дэмжиж байна гэсэн асуултад тэрбээр, бизнес, эдийн засгийн шударга, зөв, таатай хууль эрхзүйн орчинг бүрдүүлж, улстөрийн хувьд тогтвортой байх явдал юм. Үүний төлөө бид хичээн ажиллана гэдгийг онцлон хэллээ.

 

 

相关新闻