Эрсдэлд суурилсан хяналт шалгалтын тогтолцоог сайжруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2024-01-26 14:50:27

Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан БНСУ-ын Санхүүгийн хяналт шалгалтын байгууллага /FSS/-ын тэргүүн дэд дарга ноён И Сэ Хүүн, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Пак Симүнтай уулзаж, хамтын ажиллагааныхаа талаар санал солилцлоо.


Энэ үеэр Д.Баярсайхан “Манай зохицуулалтын цар хүрээ сүүлийн жилүүдэд хурдацтай өргөжин тэлж, түүнийг дагаад дэвшилтэт технологид суурилсан зохицуулалттай байгууллагын эрсдэлд суурилсан хяналт шалгалтын тогтолцоог сайжруулах, олон улсын жишигт нийцүүлэн технологид суурилсан хяналтыг нэвтрүүлэх нь чухал байна.


Энэ хүрээнд “СЗХ-ны хяналт шалгалтын бодлогын баримт бичиг”-ийг баталсан. Цаашид энэ чиглэлээр туршлага солилцож олон талт хамтын ажиллагаагаа бэхжүүлэх хүсэлтэй байна” гэдгээ илэрхийлэв.


Хоёр тал хил дамнасан санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, харилцан мэдээлэл солилцохоос гадна мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх гэмт хэрэг ялангуяа шинэ технологи, виртуал хөрөнгийн салбарыг дээрх төрлийн гэмт хэрэгт урвуулан ашиглах эрсдэлийг бууруулах, мөрдөн шалгах чиглэлээр хэрхэн хамтарч ажиллах талаар санал солилцсон байна. 


СЗХ тус байгууллагатай хамтын ажиллагааны санамж бичгийг 2011 онд байгуулж, хорооны хянан шалгагчдыг чадавхжуулах сургалтыг удаа дараа зохион байгуулсан бөгөөд уг ажлыг үргэлжлүүлж илүү олон чиглэлээр өргөн хүрээнд хамтарч ажиллахаар болжээ.

相关新闻