ОСКАР-2024: Нэр дэвшигчид тодорлоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Jargal.d@montsame.mn
2024-01-24 09:57:19

ЛОС-АНЖЕЛЕС, 2024 оны нэгдүгээр сарын 24 /BBC/. Америкийн кино урлагийн академиас “Оскар”-ын шагналд нэр дэвшигчдийг танилцуулаа. 


Энэ удаад Кристофер Ноланы бүтээсэн “Oppenheimer” уран сайхны кино хамгийн олон буюу 13 төрөлд нэр дэвшлээ. Харин “Барби” киноны од Маргот Робби, уг киноны найруулагч Грета Гервиг нар нэг ч шагналд нэр дэвшээгүй байна. 


“Шилдэг кино” төрөлд “American Fiction”, “Oppenheimer”, “Barbie”, “Anatomie d'une chute”, “The Holdovers”, “Killers of the Flower Moon”, “Maestro”, “Past Lives”, “Poor Things”, “The Zone of interest” зэрэг кинонууд өрсөлдөх бол “Шилдэг найруулагч” шагналд Кристофер Нолан (“Oppenheimer”), Йоргос Лантимос  (“Poor Things”), Мартин Скорсезе (“Killers of the Flower Moon”), Жюстин Трие (“Anatomie d'une chute”), Жонатан Глейзер (“The Zone of interest”) нар нэр дэвшжээ. 


“Гол дүрийн шилдэг эрэгтэй жүжигчин” шагналд Киллиан Мерфи (“Oppenheimer”), Брэдли Купер (“Maestro”), Жеффри Райт (“American Fiction”), Колман Доминго (“Rustin”), Пол Жиамати (“The Holdovers”) нар нэр дэвшсэн бол Эмма Стоун (“Poor Things”), Кэри Муллиган (“Poor Things”), Лили Гладстоун (“Killers of the Flower Moon”), Сандра Хюлlер (“Anatomie d'une chute”), Аннетт Бенинг ("Nyad") нар “Гол дүрийн шилдэг эмэгтэй жүжигчин” шагналын төлөө өрсөлдөнө. 


“Туслах дүрийн шилдэг эмэгтэй жүжигчин” төрөлд өрсөлдөхөөр Америк Феррера (“Barbie”), Эмили Блант (“Oppenheimer”), Жоди Фостер ("Nyad"), Давайн Жой Рандольф (“The Holdovers”), Даниел Брукс нар (“The Color Purple”) шалгарчээ.


“Туслах дүрийн шилдэг эрэгтэй жүжигчин” шагналын төлөө Роберт Дауни (“Oppenheimer”), Марк Руффало (“Poor Things”), Роберт Де Ниро (“Killers of the Flower Moon”), Райан Гослинг ( "Barbie"), Стерлинг К.Браун (“American Fiction”) нар өрсөлдөхөөр боллоо.


“Шилдэг хүүхэлдэйн кино” төрөлд өрсөлдөхөөр “The Boy and the Heron” (Хаяо Миязаки), “Robot Dreams” (Пабло Берхер), “Elemental” (Питер Сон), “Nimona” (Ник Бруно, Трой Квон), “Spider-Man: Into the Spider-Verse 2” (Жуакин Душ Сантуш, Кемп Пауэрс, Джастин Томпсон) зэрэг кинонууд шалгарч үлдээд байна. 


Украины гэрэл зургийн сурвалжлагч, найруулагч, зохиолч Мстислав Черновын "Мариуполь дахь 20 хоног" баримтат кино "Шилдэг баримтат кино" төрөлд Оскарт нэр дэвшсэн байна. Энэ төрөлд мөн “Bobi Wine: President of the People” (Мозес Бвайо, Кристофер Шарп), The “Eternal Memory” (Маите Альберди), “Four Daughters” (Каутер Бен Ханья), “To Kill a Tiger” (Ниша Пахужа) кинонууд нэр дэвшжээ.  


“Оскар”-ын шагнал гардуулах 96 дахь удаагийн ёслол гуравдугаар сарын 10-нд Лос-Анжелес хотноо болно.

相关新闻