СЭЛЭНГЭ: Н.Чанцал: Энэ удаа органик үйлдвэрлэлээ түгээн дэлгэрүүлэх, иргэдэд өгөх мэдээ мэдээллийг түлхүү явуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-01-19 14:48:54

Сүхбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймаг АДРА Монгол Олон Улсын байгууллагатай ХАА-н салбарт амжилттай хамтран ажиллаж байна.

 

Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ө.Сувдаа АДРА Монгол Олон улсын байгууллагын “Органик хөдөө аж ахуйн түншлэл” II төслийн багийн хамт олныг өчигдөр хүлээн авч уулзлаа.

 

Ингээд Органик хөдөө аж ахуйн түншлэл төслийн агрономич Н.Чанцалаас төслийн 2 дахь шатны үйл ажиллагааны талаар тодрууллаа.

 

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Энэ удаагийнхаа төслийн үйл ажиллагаа хийгээд зорилгоосоо хуваалцахгүй юу?

-Манай төслийн гол зорилго бол органик хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг тэлж, хамтын баталгаажуулалтын тогтолцоо, органик хөдөө аж ахуйн салбарын хөгжлийн түншлэлийг бэхжүүлэх.

 

Цаашлаад орон нутгийн органик хүнсний нийлүүлэлт, борлуулалтын үр ашигтай сүлжээг талуудын оролцоотойгоор бий болгох. Мөн органик үйлдвэрлэл эрхлэгч иргэдийн амьжиргааг сайжруулах гэсэн олон зүйлд чиглэсэн байгаа.

 

Төсөл маань нийт 39 сарын хугацаатайгаар хэрэгжих бөгөөд одоо 3 сар болоод явж байна.

 

-Өнгөрсөн хугацаанд Сэлэнгэ аймагт хэрэгжүүлсэн төслийн ажлын үр дүн хэр байв. Одоо хоёр дахь төслөөрөө хийх гол ажил юу байгаа вэ?

-Сэлэнгэ аймгийн тухайд өмнө 2019-2022 онд 4 жилийн хугацаатай төслийн нэгдүгээр шат хэрэгжсэн. Энэ хугацаанд Сэлэнгэ аймгийн 11 сумын 30 хоршоотой ажиллаж байсан. Одоо 2 дахь төслөөрөө дахиад Хүдэр, Баруунбүрэн, Сайхан сум нэмэгдээд, нийт 14 сумтай хамтран ажиллахаар болсон байгаа.

 

Өмнөх төслөөрөө бид органик үйлдвэрлэгчдийг дэмжих зорилгоор анх төсөл маань хэрэгжиж эхэлсэн. Одоо бид органик үйлдвэрлэлийн тогтвортой үйлдвэрлэлийг хангах, цаашлаад органик үйлдвэрлэлээ түгээн дэлгэрүүлэх зорилгоор хүмүүст чиглэсэн мэдээ мэдээллийг түлхүү явуулна. Манай төсөл органик үйлдвэрлэл эрхлэх хүсэл сонирхолтой хоршоодтой хамтарч ажилладгаараа онцлогтой.  

 

-Төслийн үргэлжлэх хугацаа, санхжүүжилтийн талаар тодруулж өгнө үү?

-ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам, АДРА Герман байгууллагаас санхүүжүүлж байгаа.

2 дахь шатны энэ төсөл маань 2023 оны 10 сарын 1-ний өдрөөс эхэлсэн. 2026 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл үргэлжлэн явна.  


-Танд баярлалаа.

相关新闻