СЭЛЭНГЭ: М.Мөнхбаяр: Хамгийн сүүлийн үеийн арга технологийн дагуу явуулсан үр дүнтэй сургалт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-01-18 16:29:15

Сүхбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн ЗДТГ-аас Удирдлагын академитай хамтран багийн Засаг дарга нарт зориулсан “Иргэн төвтэй хөгжлийн төлөө” сэдэвт богино хугацааны зорилтот сургалтыг 2 өдрийн турш амжилттай зохион байгууллаа.

 

Энэ сарын 16-17-ны өдрүүдэд болсон дээрх сургалтыг удирдан явуулсан Удирдлагын академийн хүний нөөцийн тэнхимийн ахлах багш М.Мөнхбаяртай ярилцлаа.

 

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Төрийн анхан шатны нэгж болох багийн Засаг дарга нарыг чадавхжуулах сургалт маш үр дүнтэй болж өндөрлөлөө. Сургалтынхаа явц хийгээд оролцоо, үр дүнгийн талаар хуваалцахгүй юу?

-Баярлалаа. Сургалт маш үр дүнтэй, маш их оролцоо, идэвх дунд болж дууслаа. Сургалтыг Сэлэнгэ аймгийн ЗДТГ-тай хамтраад Удирдлагын академийн хүний нөөцийн тэнхимийн ахлах багш М.Мөнхбаяр миний бие, Боловсролын салбарын удирдлагын тэнхимийн ахлах багш Ч.Баатар бид хоёр чиглүүлэн хариуцаад явлаа.

 

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 8 сард гарсан 303 тоот тогтоолоор сум, багийн Засаг дарга нарыг чадавхжуулах сургалт явуулах тогтоол гарсан юм. Ингээд энэ тогтоолын дагуу сургалтууд эхэлж байна. Хамгийн эхний ээлжийн аймгуудын нэг бол Сэлэнгэ аймаг болж байгаа. Бид 2 өдрийн сургалт явууллаа. Сэлэнгэ аймгийн Багийн Засаг дарга нар маш идэвхтэй оролцлоо. Ирцийн хувьд өндөр үзүүлэлттэй байлаа.

 

-Сургалтын явцыг харж байхад багаар маш их ажиллаж байгаа харагдсан?

-Тийм шүү. Энэ хүмүүс багаар үнэхээр маш сайн ажиллаж чадаж байна. Багийн ажил гэдгийг үнэхээр хийж чаддаг хамт олон байна гэдгийгээ баталж, нотолж харууллаа. Энэ нь би багийн Засаг даргыг хийж чадна гэдгээ баталж чадсан, чадавхтай гэдгээ баталсан сургалт гэж Засгийн газраас үзэж байгаа юм.

 

Тэгэхээр энд оролцсон хамт олон багийн Засаг дарга нар чадавхаа баталж харуулж чадлаа.

 

Сургалтын хувьд агуулгыг тодорхойлохоос эхлээд төсөл бичих хүртэл, 8 сэдвийн хүрээнд нэг цогц сургалт болгож явуулсан. Оролцогчид маань энэ хөтөлбөрийн хүрээнд, 8 сэдвийн сургалтандаа бүрэн дүүрэн хамрагдлаа. Маш үр дүнтэй сургалт боллоо гэж багшийн хувьд үзэж, дүгнэж байна.

 

-Сургалтын гол онцлог юу байв?

-Энэ сургалтын онцлог нь цахим дээр суурилсан сургалт болсон байгаа. Сургалтын үнэлгээ, явц бүгд цахим дээр тулгуурласан. Өмнө нь бид сургалтын агуулгыг флашаар өгөх ч юм уу, мэйлээр хүргүүлдэг байсан. Одоо тэгвэл үүнийгээ болиод QI код уншуулаад л оролцогчдод бүгдэд нь сургалтын лекц материал очиж байна.

 

Үүний зэрэгцээ бид давхар дэвтэр дээр ажилласан. Та бүхэн энэ ажилласан байдлыг харж байна. Энэ хана, самбар дээр наасан дүүрэн цаас харагдаж байгаа боловч энэ маань сургалтын материал. Үүний цаана бүрэн цэгцэрсэн мэдлэг, мэдээллүүд очиж байгаа гэсэн үг. 

 

Мөн бас нэг онцлог нь оролцооны арга дээр тулгуурлан сургалтаа явуулсан. Өөрөөр хэлбэл 10-20 хувийг л багшийн тайлбар эзэлж байгаа. Uол мэдлэгийг өөрсдөө багшийн тайлбар, аргачлалын дагуу багаараа буюу эсвэл ганцаарчилж ажиллаад, үр дүнг нь биеэрээ өөрөө баталж гаргаж байгаа нь энэ сургалтын онцлог болсон гэж үзэж болно.

Мөн хамгийн сүүлийн үеийн арга технологийн дагуу явуулсан сургалт боллоо.  

 

-Энэ чадавхжуулах сургалтад давтамж бий юу?

 

-Засгийн газрын тогтоолын дагуу бид аймаг тус бүрд сургагч багш нараа бэлтгэсэн байгаа. Сэлэнгэ аймгаас Т.Бүүвэйцэцэг, Б.Баярсүрэн гэсэн хоёр сургагч багшийг бэлтгэсэн. Сургагч багш бэлтгэх сургалтад энэ хоёр хүн маш идэвхтэй оролцоод, амжилттай дүүргэсэн.

 

Хоёр өдөр зохион байгуулсан энэ сургалтын бэлтгэл ажил болоод зохион байгуулалтад хоёр сургагч багш маань хамтарч ажилласан.

 

Цаашдын сургалтуудыг сургагч багш нар голлоод, Удирдлагын академиас дэмжиж оролцох байдлаар явуулна.

 

-Танд баярлалаа. 

相关新闻