Японы онгоцууд Мияакогийн хоолой дээгүүр нисчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
sarnai@montsame.mn
2016-09-27 11:16:02

ТОКИО. /BBC/. Хятадын цэргийн найман нисэх онгоц Японы арлуудын дундуур ниссэний дараагаар Японы сөнөөгч онгоцууд уг агаарын замаар  ням гарагт ниссэн гэж Японы тал мэдэгджээ.

Окинава болон Мияакожимагийн хооронд орших Мияакогийн хоолой дээгүүр Японы хэд хэдэн бөмбөгдөгч болон ажиглалт хийх онгоцууд, мөн нэг сөнөөгч онгоц нисч өнгөрсөн байна.

Хятадын талаас 40 орчим онгоц хоолой дээгүүр нисч өнгөрсөн бөгөөд тэдгээр нь төлөвлөөд байсан цэргийн сургуулилтад оролцсон болохыг Хятадын тал мэдэгджээ. Эдгээр онгоцууд нь Японы агаарын орон зайд нэвтрээгүй боловч уг сургуулилт нь Хятадын сүр хүчийг харуулсан шоу мэт сэтгэгдэл төрүүлсэн байна.  

Хятадын нисэх хүчний сургуулилт нь Япон улс Өмнөд Хятадын тэнгист АНУ-ын тэнгисийн цэргийн хүчинтэй хамтран сургуулилалт хийнэ гэж мэдэгдсэний дараа болсон юм.

Японы Засгийн газрын төлөөлөгч хэлэхдээ, Япон улс Хятадын цэргийнхний хөдөлгөөнийг ойроос сайтар ажиглах болно гэжээ.

“Олон улсын хууль эрхзүй болон батлан хамгаалахын тухай хуульд үндэслэн манай агаарын орон зайд хэн нэгэн нэвтрэхээс хамгаалахын тулд сонор сэрэмжтэй байж, тандалт хийх болно” гэж Японы Засгийн газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ёшихиде Суга хэлсэн байна.

Окинавагийн өмнөд хэсэгт орших 250 км урт усан зам болох Мияакогийн хоолой нь стратегийн хувьд маш чухал бүс нутаг бөгөөд Тайваньд ойрхон оршдог юм. Түүнээс гадна, Япон болон Хятадын хооронд маргаан үүсгээд буй Зүүн Хятадын тэнгис дэх бүлэг арлуудтай ойр байдаг. 

 Эдгээр арлуудыг японоор Сенкаку гэж нэрлэдэг бол хятад хэлээр Дяоюйдао гэдэг юм.

Х.Сарнай

 

相关新闻