ХЭНТИЙ: Эрчүүдийн эрүүл мэндэд анхаарал хандуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2024-01-04 14:53:06

Чингис, 2024 оны нэгдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Аймгийн нэгдсэн эмнэлэгт эрэлттэй хоёр тасгийг шинээр тохижуулан үйл ажиллагаа явуулж байна. 

Тодруулбал, тус аймгийн нэгдсэн эмнэлэгт эрчүүдийн кабинетыг нээж үйл ажиллагааг нь тогтмолжуулан, эрчүүдийнхээ эрүүл мэндэд анхаарал хандуулан ажиллаж байна. Одоогийн байдлаар тус төвөөр өссөн дүнгээр 856 иргэн үйлчлүүлжээ. Хэнтий аймгийн нийт иргэдийн 50.6 хувь нь эрчүүд байдаг бөгөөд тэдний дундаж наслалт эмэгтэйчүүдийнхээс зургаан жилээр богино байна гэх судалгаа гарчээ. 

Мөн тус аймгийн нэгдсэн эмнэлэгт Төрөх тасгийн нярайн эрчимт эмчилгээний тасгийг орон нутгийн төсвийн зургаан сая төгрөгийн санхүүжилтээр тохижуулж эх, хүүхдэд тав тухтай орчин бүрдүүлжээ. Өнгөрөгч оны байдлаар тус тасаг 90 гаруй эх, нярайд тусламж үйлчилгээ үзүүлж, биеийн байдал хүнд 17 нярайг эмчилсэн байна.


Ташрамд, Хэнтий аймгийн хэмжээнд эрүүл мэндийн бүх байгууллага H-Info, E-health-2, health.gov.mn зэрэг цахим системд бүрэн холбогдож, алсын зайн оношилгоогоор тусламж үйлчилгээ үзүүлж эхэлжээ. Мөн Өмнөдэлгэр, Батширээт, Биндэр зэрэг долоон сумын Эрүүл мэндийн төвд мобайл технологи нэвтрүүлсэн бол Бор-Өндөр сумын эмнэлэг нь И-Монголиа цахим платформоор дамжуулан үзлэгийн цаг захиалах, шинжилгээний хариу авах үйлчилгээг нэвтрүүлээд байна.

相关新闻