БАЯН-ӨЛГИЙ: Баруун бүс нутгийн хүн амын үнэлэмжийн өөрчлөлтийн талаарх судалгааны эмхэтгэл гаргалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Өлгий, 2024 оны нэгдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Философийн хүрээлэнгээс "Баруун бүс нутгийн хүн амын үнэлэмжийн өөрчлөлт: соёл-экологийн хүчин зүйлс" эрдэм шинжилгээний бага хурлын илтгэлийн эмхэтгэлийг гаргалаа.
Өнгөрсөн оны зургаадугаар сарын 28-ны өдөр Өлгий хотод болсон эрдэм шинжилгээний бага хурлын илтгэлийн эмхэтгэлийг ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Баян-Өлгий аймаг дахь салбарт хэрэгжүүлсэн "Монгол Улсын баруун бүс нутгийн хүн амын үнэлэмжийн соёл-экологийн судалгаа" сэдэвт суурь судалгааны төслийн хүрээнд хэвлүүлжээ.
Эмхэтгэлд доктор (Ph.D, профессор Д.Батмөнхийн "Иргэдийн үнэлэмжийн өөрчлөлтийг судлах арга зүйн асуудалд", шинжлэх ухааны доктор, академич А.Бакей, докторант Е.Аяулы нарын "Баруун бүсийн хөгжлийн онцлог ба хүн амын хүчин зүйлс", Ардын уран зохиолч Р.Шынай, магистр Б.Гүлнур нарын "Баруун бүс нутгийн угсаатны бүлгүүдийн гар урлалын онцлог", шинжлэх ухааны доктор М.Гантиягийн "Монгол дахь шашны социологийн судалгааны зарим үр дүн", доктор (Ph.D) Г.Золбаярын "Баруун бүс нутгийн угсаатны бүлгүүдийн соёлын ижилсэл ба ондоошил", доктор (Ph.D) Х.Мырзабекийн "Монгол Алтайн нурууны байгаль-экологийн шүтэлцээ: "Тэрбум мод" хөтөлбөрийн хүрээнд гарч буй үр дүн", докторант Н.Эрдэнэбаярын "Монголын баруун бүс нутгийн шашин шүтлэг ба бөө мөргөлийн сэргэлт" зэрэг эрдэмтэн судлаачдын 12 илтгэл оржээ.
"Монголын баруун бүс нутгийн хүн амын үнэлэмжийн соёл-экологийн судалгаа"
сэдэвт суурь судалгааны төслийг 2022-2024 онд хэрэгжүүлж байгаа юм. Монголын
баруун бүс нутгийн хүн амын үнэлэмжийн соёл-экологийн өөрчлөлтийг судлах нь
бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд дурдсан орон нутгийн хөгжлийг жигд хангах
шинжлэх ухааны үндэслэлийг боловсруулахад практик ач холбогдолтой болно»
гэдгийг төслийн удирдагч, доктор (Ph.D), профессор Д.Батмөнх онцолсон байна.