52.5 кг хулуу ургуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-09-26 15:10:51

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ЗДТГ-ын уламжлалт ажлын нэг бол жил бүр зохион байгуулдаг "Шинэ ургац-шилдэг санаа” нэртэй шинэ ургацын үзэсгэлэн худалдаа байдаг юм.

Үзэсгэлэн худалдаанд Сүхбаатар, Алтанбулаг, Шаамар, Зүүнбүрэн сумд болон Дулаанхаан тосгоны 100 гаруй ногоочид 200-гаад нэр төрлийн бүтээгдэхүүнтэй ирж оролцлоо. Маш өргөн хүрээг хамарсан энэхүү үзэсгэлэн худалдаанд оролцсон ногоочдыг 14 номинацид шалгаруулан дүгнэжээ.

Шилдэг зохион байгуулалттай сумаар Зүүнбүрэн, Хамгийн их бүтээгдэхүүнтэй сумаар Алтанбулаг, Шилдэг зохион байгуулалттай багаар Сүхбаатар сумын “Буурхээр”-ийн 8-р баг, Хамгийн их бүтээгдэхүүнтэй багаар Сүхбаатар сумын “Боргүвээ” 5-р баг, Шилдэг үйлдвэрлэгч бүлээр Дулаанхаан тосгоны "Ахмадын золбоо" бүл, Шилдэг үйлдвэрлэгч клубээр Сүхбаатар сумын "Сэлэнгэ төгөл" клуб, Хамгийн олон төрлийн нөөшилсөн бүтээгдэхүүн хийсэн иргэнээр Сүхбаатар сумын “Буурхээр” 8-р багийн иргэн Д.Даваанамжил нар шалгарлаа.

Мөн шинэ нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн иргэнээр Сүхбаатар сумын “Буурхээр” 8-р багийн иргэн н.Дашзэвэг /шинэ төрлийн байцаа/, Жимс жимсгэнээр хамгийн олон буюу 17 нэр төрлийн бүтээгдэхүүн, жимсний чанамал үйлдвэрлэсэн иргэнээр Сүхбаатар сумын “Боргүвээ” 5-р багийн иргэн Б.Мандах, Хамгийн олон цэцэг, мод бут тарьж ургуулсан иргэнээр Алтанбулаг сумын иргэн н.Баашуу нар тодорлоо.

Үзэсгэлэнгийн үеэр иргэдийн сонирхлыг татаж байсан нь хамгийн том хүнсний ногоонуудыг шалгаруулсан явдал байв. Үүнээс Сүхбаатар сумын “Боргүвээ” 5-р багийн иргэн Б.Баясаа 7.5 кг байцаа, Сүхбаатар сумын “Хонгорморьт”-ын 1-р багийн иргэн Д.Март 4.17 кг манжин, Сүхбаатар сумын “Ганзам”-ын 7-р багийн иргэн Б.Түвшин 52,55 кг хулуу, Сүхбаатар сумын “Буурхээр” 8-р багийн иргэн н.Нэргүй 880 гр төмс ургуулсан нь хамгийн том гэсэн тодотголыг зүүв.

Энэ жилийн энэхүү үзэсгэлэнг Дэлхийн зөн-Сэлэнгэ ОНХХ-тэй хамтран амжилттай зохион байгуулсан байна.  

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

相关新闻