ӨМНӨГОВЬ: Эмч нар хавдрын өвчлөлийн чиглэлээр туршлага судаллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2023-12-26 16:21:21

Даланзадгад, 2023 оны арванхоёрдугаар сарын 26  /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийг хөгжүүлэх “Нутгийн хишиг" дэд хөтөлбөрийн  хүрээнд “Эрүүл Өмнөговь” зорилтыг хэрэгжүүлэхээр төлөвлөгөөт ажлуудыг зохион байгуулсаар байна.

 

Тус ажлын хүрээнд БОЭТ-ийн эмч нарын ажлын баг БНЭУ-ын Дели хотын "Max super Speciality" эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж туршлага судалж байна.

 

Хавдрын өвчлөлийн орчин үеийн оношилгоо эмчилгээний аргууд, хоол боловсруулах замын өвчлөл зэрэг чиглэлээр сургалтад хамрагдахаас гадна элэг шилжүүлэн суулгах мэс заслын тасаг, хавдрын оношилгоо, эмчилгээний тоног төхөөрөмжүүд болон эмнэлгийн үйл ажиллагааны менежменттэй танилцжээ.

 


"Max super Speciality" эмнэлэг нь БНЭУ-ын топ эмнэлэг бөгөөд нийт үйлчлүүлэгчийн 33 хувийг олон улсын иргэд үйлчлүүлдэг гэдгээрээ онцлогтой. Тэргүүлэх чиглэл нь хавдар, элэг, чөмөг шилжүүлэн суулгах бөгөөд жилд 400 гаруй хүнд элэг шилжүүлэн суулгах эмчилгээг хийдэг аж.

 

Өмнөговь аймгийн БОЭТ-ийн эмч нарын ажлын баг үргэлжлүүлэн "Max super Speciality" эмнэлгийн бусад салбараар зочлон эмч мэргэжилтнүүдтэй уулзан, зохион байгуулж буй үйл ажиллагаатай нь танилцах юм.

 

Тус аймгийн хувьд 560 гаруй хорт хавдраар оношлогдсон хүмүүс байдгаас 300 гаруй нь химийн эмчилгээнд хамрагддаг. Тиймээс ийнхүү эмч, мэргэжилтнүүдийг туршлага солилцуулж, мэргэшүүлэх нь олон талын ач холбогдолтой. 

相关新闻