ГОВЬ-АЛТАЙ: Алтайн тэмээчдийн баярт 200 гаруй тэмээчин оролцож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2023-12-21 15:39:44

Есөнбулаг  2023 оны арван хоёрдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Алтайн тэмээчдийн баярт Говь-Алтай аймгийн 18 сумын 200 гаруй тэмээчин оролцож байна.


Хантайшир уулын аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй "Туульсын хаан Жангар-2023" хүч эрчмийг хураах үйл ажиллагааны хүрээнд “Тэмээний баяр-2023” Алтай хотноо болж байна. Энэ үйл ажиллагаа арванхоёрдугаар сарын 21-нд тэмээчдийн парадаар эхэлсэн бол хурдан ат, хурдан торомны уралдаан, сайхан тэмээтэй ганган хос, үржлийн ингэ шалгаруулах аж. 




“Аймгийн засаг дарга О.Амгаланбаатарын санаачилгаар өв соёлоо сэргээх, түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэн үлдээх зорилгоор “Жангар” тууль хайлах үйл ажиллагааг хоёр дахь удаагаа зохион байгуулж байна. Өнөө жил энэхүү үйл ажиллагаатай хамтатган тэмээчдийн баяраа зохион байгуулж буйгаараа ихээхэн онцлогтой юм. Манай аймаг сүүлийн гурван жил тэмээн сүргийн тоо толгойгоороо улсад эхний гуравт орсон. Энэ жилийн тухайд 46 мянган толгой тэмээ тоолуулах урьдчилсан тоо гарч байна” хэмээн Говь-Алтай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Т.Сүхбаатар онцлон танилцуулсан юм.




Говийн тэмээчид баяраа тэмдэглэж байгаа нь өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, эх хэл, ёс заншил, уламжлалаа дээдлэн өвлүүлэх, тэмээн соёлыг түгээх, сурталчлах, үүлдэр угсааг сайжруулах, тоо толгойг өсгөх, тэмээчдийг алдаршуулах, гадаад, дотоодын жуулчдыг татах чухал ач холбогдолтой юм.


相关新闻