Татвараа өөрөө тодорхойлон төлөх системийг нэвтрүүлэхээр ажиллаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2023-12-21 10:53:09

Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Дэлхийн улс орнуудад өнөөдөр татвар төлөгч татвараа өөрөө тодорхойлон төлөх системийг хэрэгжүүлж байна.


Дээрх төрлийн системийг ашиглах нь татвар хураалтыг хялбарчилж, энгийн үр ашигтай механизмыг бүрдүүлдэг байна. Ингэхийн тулд татвар төлөгч нь татварын талаар тодорхой мэдлэг, мэдээлэл, боловсролтой байх, үүнийг олгох, мэдлэг эзэмшүүлэх тусгай хөтөлбөр, үйл ажиллагааг нэгдсэн системтэйгээр хэрэгжүүлдэг аж.


Манай улс татвараа өөрөө тодорхойлон төлөх дээрх системийг нэвтрүүлэхээр ажиллаж буйг Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабал хэллээ. Үүний өмнө олон нийтийн татварын боловсролыг дээшлүүлэх явдал чухал байгааг онцолж, татварын боловсрол нь татвар төлөгчийг сайн дурын үндсэн дээр татвараа үнэн зөв тодорхойлж, төлөх хандлагыг төлөвшүүлэхэд нөлөөлөх гол хүчин зүйл болдог болохыг тодотгов.


Монгол Улсын татварын алба олон нийтэд чиглэсэн татварын боловсрол олгох үйл ажиллагааг цогцоор хийх үүднээс 2021-2024 онд “Олон нийтийн татварын боловсролыг дээшлүүлэх  хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж, татвар төлөгчийн сегмент ангилал тус бүрт чиглэсэн сургалтын модулийг боловсруулан тэдний эрэлт хэрэгцээнд уялдуулсан сургалт, сурталчилгааг хийж байна.


Татварын байгууллага mta.gov.mn татвар төлөгчийн сайтыг бүрэн шинэчилж, татвар төлөгч бие даан мэдээлэл авахад хөтөлсөн зааварлагч сайт болгон хөгжүүлжээ. 


Татварын мэдлэг, мэдээллийг боловсролын тогтолцоотой уялдуулж насан туршийн боловсролын системээр дамжуулан цогцоор хэрэгжүүлэх нь татвар төлөгч нийгмийг бий болгоход ихээхэн хувь нэмэр оруулах боломжтойг Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабал хэлж байна.


Улсын хэмжээнд өнөөдөр 2.9 сая иргэн татвар төлөгчөөр бүртгэлтэй. Үүний 11 хувь орчим нь татвараа идэвхтэй тайлагнаж байгаа аж. Татварын алба өнөөдөр:

  • Татвар төлөгчдийг холбогдох хэрэгтэй мэдээллээр хангах,
  • Төсвийн орлогыг бүрдүүлэх,
  • Татварын хууль эрхзүйн хэрэгжилтийг хянан хангах гэсэн үндсэн чиг үүрэгтэй ажиллаж байна.

Энэ талаар татвар төлөгчидтэй хийж буй цуврал уулзалтаар танилцууллаа. Энэ онд татварын байгууллагаас:

  • Татвар төлөгч том сегментэд зориулсан 13 удаагийн сургалт зохион байгуулж, 670 татвар төлөгч хамрагджээ.
  • Дунд сегментийн 27 удаагийн сургалтанд 385,
  • жижиг сегментийн 712 удаагийн сургалтад 22.153 хүн хамрагдаж,
  • бичил сегментийн 1061 удаагийн сургалтанд 56.406,
  • хувь хүнийн 2079 удаагийн сургалтанд 95.477 татвар төлөгчийг хамруулжээ. 


“Олон нийтийн татварын боловсролыг дээшлүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх хүрээнд их, дээд сургуулийн оюутнуудад татварын албаны цахим шинэчлэл, эрхзүйн талаар мэдлэг олгож байна.


Татварын алба дараах чиглэлд сургалтын агуулгаа чиглүүлэн ажиллаж байна. Үүнд:

Бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааны чиглэлийн сургалт /барилга, уул уурхай, цахим болон сүлжээний бизнес эрхлэгч г.м/

ЕБС, их дээд, мэргэжлийн сургуулийн сурагч, оюутнуудад зориулсан сургалт

Нягтлан бодогч, салбарын мэргэжилтнүүдэд зориулсан татварын хуулийн өөрчлөлт, шинэчлэлтэй холбоотой сургалтууд,

Олон нийт, хүүхдүүдэд чиглэсэн кино, контент, постерууд орж байна.  

ЕБС-ийн сургалтын хөтөлбөрт татварын талаарх хичээлийг оруулахаар бэлтгэж, 2024 оноос бүрэн дунд боловсролын бага ангийн хөтөлбөрт татварын тухай ойлголтыг энгийн, ойлгомжтой байдлаар оруулахаар ажиллаж байна. 


Олон улсад татварын боловсролыг зөвлөгөө өгөх, мэдлэг түгээх, мэдээллээр хангах хэлбэрээр хийдэг байна. Тухайлбал:

  • 11 улс орон жижиг дунд үйлдвэрлэгч нарт зориулсан сургалтын хөтөлбөртэй,
  • 27 улс бүрэн дунд боловсролын системд татварын боловсрол олгох хөтөлбөр хэрэгжүүлдэг,
  • 6 улс хувь хүмүүст чиглэсэн татварын боловсрол олгох сургалтыг тогтмол зохион байгуулж байна. 
相关新闻