ХЭНТИЙ: "Дадалын ухаа" үүлдрийг батламжиллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Чингис, 2023 оны арванхоёрдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Монгол Улсад нийт баталгаажсан таван үүлдрийн үхэр байдаг бөгөөд үүнд монгол үүлдэр, сарлаг, сэлэнгэ үүлдэр, дорнод монголын улаан үүлдэр, дадалын ухаа үүлдэр багтаж байна.
Хэнтий аймгийн Дадал сум нь 52.1 мянган толгой малтай, үүний 40.9 хувь буюу 21.3 мянга нь үхэр сүрэг байна.
Үүнээс тохиромжтой хэвшлийн 5.2 мянган үхэр байгаа нь нийт үхрийн 24.4 хувийг эзэлж байгаа юм. Хүнс, хөдөө аж ахуйн сайдын зөвлөлийн 2023 оны аравдугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар "дадалын ухаа” үүлдрийг шинээр батламжилжээ.
Тодруулбал, Хэнтий аймгийн Дадал суманд үржүүлж буй мах-сүүний хосолмол ашиг шимтэй Дадалын ухаа үхэр нь байгаль цаг уурын эрс тэс нөхцөл, бэлчээрийн маллагаанд өсөн үрждэг. Амьдын жингийн үзүүлэлтээр монгол үүлдрийн үхрээс 27.6 хувиар илүү, эх үүлдэр болох симменталь үүлдрийн үхрээс 15.4 хувиар бага байгаа нь үүлдрийн тодорхойлолттой дүйж байгаа юм.
Мах-сүүний чиглэлийн хосолмол ашиг шимт үхрийг Хэнтий аймгийн хэмжээнд ашиглахаас гадна Улаанбаатар хот, Архангай, Сэлэнгэ, Булган, Төв, Дорнод, Сүхбаатар аймаг худалдан авч үржүүлж байна. Сүүлийн таван жилд улсын хэмжээнд 77 сум, хот, дүүрэгт нийт 5207 толгой үхрийг борлуулжээ.