Польшийн Ерөнхийлөгчийн аминд хүрсэн ослыг шалгах комиссыг татан буулгажээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАРШАВ. 2023 оны арванхоёрдугаар сарын 16 /BBC/. 2010 онд ОХУ-ын Смоленск хотын ойролцоо Польшийн ерөнхийлөгч асан Лех Качиньский болон бусад 95 хүний амийг авч одсон Ту-154 онгоцны ослыг мөрдөн шалгаж байсан комиссыг Польшийн шинэ засгийн газар татан буулгалаа.
"Энэ бол Польшийн засгийн газрын нэрийн өмнөөс худал хуурмагийг төгсгөл болгож байгаа шийдвэр, эмгэнэлт явдлын шалтгааныг олж мэдэхтэй ямар ч холбоогүй, харин улс төртэй холбоотой үйл ажиллагаанд хэдэн зуун сая злот зарцуулж байсныг төгсгөл болгож байгаа шийдвэр юм" гэж Батлан хамгаалахын дэд сайд Цезарь Томчик комиссыг татан буулгасантай холбогдуулан хэллээ.
Тэрбээр мөн ослын талаар улстөрчид биш нисэхийн мэргэжилтнүүд дүгнэлт хийх ёстой гэж онцлон тэмдэглэв.
Польшийн Батлан хамгаалах яамны захирамжийн дагуу татан буугдсан комиссын гишүүд 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл ашигласан бүх бичиг баримт, эд хөрөнгө, техник хэрэгслээ хүлээлгэн өгөх ёстой. Мөн комиссын үйл ажиллагааг дүгнэх бүлэг байгуулах ажээ.
Лех Качиньскийн дүү Ярослав Качиньский улсын комиссын дүгнэлттэй санал нийлэхгүй байгаа юм. Польшийн засгийн газар тайлангаа 2011 онд танилцуулсан бөгөөд уг тайланд "дадлага туршлага муутай Польшийн нисгэгчид, цаг агаарын таагүй байдал, түүнчлэн Оросын диспетчерүүд багийн гишүүдэд зааварчилгааг цаг алдаж өгсөн нь ослын шалтгаан болсон" гэж дүгнэжээ. Дэд хорооноос ослын шалтгааныг дахин шалгасны дараа 2022 онд танилцуулсан тайланд "онгоцны зүүн далавчинд дэлбэрэлт болсны улмаас осолдсон" гэжээ.
Комиссын дарга Антоний Мачеревич Польшийн Ерөнхий сайд Дональд Тускийн засгийн газрын шийдвэрийг “дипломат урвалт” гэж буруутгажээ. Батлан хамгаалахын сайдын албан тушаалыг хашиж байсан тэрбээр чухам онгоцны бүхээгт хоёр дэлбэрэлт болсон гэж мэдэгдсэн юм. Тухайн үед Мачеревич онгоцны сүйрлийг Польшийг тусгаар улс болгосон хүмүүсийг үгүй хийх зорилготой "террорист ажиллагаа" гэж мэдэгдэж байв.
2010 оны дөрөвдүгээр сарын 10-нд Ерөнхийлөгч Лех Качиньский тэргүүтэй Польшийн төлөөлөгчид Катыний эмгэнэлт явдлын ойн арга хэмжээнд оролцохоор засгийн газрын Ту-154М онгоцоор Катынийг зорьсон байна.
Үзэгдэх орчин муу, газартай холбоо тогтоох боломжгүй нөхцөлд нисгэгчид онгоцоо газардуулах шийдвэр гаргажээ. Онгоц Смоленскийн ойролцоох "Северный" нисэх онгоцны буудлын хөөрч буух зурваст хүрч амжилгүй осолдсон юм. Энэ ослын улмаас төр, засаг, цэргийн болон олон нийтийн байгууллагуудын төлөөлөгчид болох 96 хүн бүгд амиа алдсан билээ.