ХЭНТИЙ: Дэд бүтцийн салбарт хамгийн их хөрөнгө оруулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Чингис, 2023 оны арванхоёрдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Өнгөрсөн жилүүдэд Хэнтий аймаг дэд бүтцийнхээ салбарт хамгийн их хөрөнгө оруулалтыг хийжээ.
Аймгийн 18 сумыг төвлөрсөн дулаан хангамж, шугам сүлжээнд холбосон бол одоо багийн төвийг инженерийн шугам сүлжээнд холбож байна. Мөн Хэрлэн сумын нэг, хоёрдугаар багийг төвлөрсөн шугамд холбох ажил 90 гаруй хувьтай үргэлжилж байгаа бол ирэх онд III, IV, V багийг шугам сүлжээнд холбох аж. Түүнчлэн хоногт 3000 м куб бохир ус цэвэрлэх хүчин чадалтай цэвэрлэх байгууламжийг Чингис хотод барьж 2021 онд ашиглалтад оруулсан нь хамгийн том бүтээн байгуулалтын нэг болов.
Өнгөрсөн хугацаанд дөрвөн сум цэвэрлэх байгууламжтай болсон бол эдүгээ зургаан суманд цэвэрлэх байгууламж барьж байна. Аймгийн дулааны станцын барилгын ажлын явц 60 хувьтай. Түүнчлэн “Дэлхийн банкны Эрчим хүчний төсөл-2”-ын хүрээнд “Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 6/0.4 кВ-ын цахилгаан түгээх сүлжээг шинэчлэх, сайжруулах” ажил бүрэн дууссан бол “Хэнтий аймгийн төвд 6кВ-ын хуваарилах байгууламж барих” ажил 84.2 хувийн гүйцэтгэлтэй.