БАЯНХОНГОР: Иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх талаар санал солилцов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2023 оны арванхоёрдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Л.Данзанноров, Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхантай хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурлаа.
Санамж бичгийн хүрээнд талууд иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, орон нутгийн Өмгөөлөгчдийн салбар зөвлөлийг дэмжин хамтран ажиллах, аймгийн Өмгөөлөгчдийн салбар зөвлөлийг байртай болгох асуудлыг шийдвэрлэхээр тохиролцов.
Мөн Өмгөөлөгчдийн салбар зөвлөлийн үйл ажиллагаатай танилцаж, тулгамдаж буй асуудлуудаар аймгийн Шүүхийн тамгын газрын дарга М.Майжаргал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын төлөөллүүдтэй уулзаж шүүхийн байранд хэргийн материалтай танилцах өрөөгөөр өмгөөлөгчдийг хангах, цагдан хоригдсон хүний ар гэрт эргэлт уулзалтын зөвшөөрлийг шүүхээс олгох давтамжийг нэмэгдүүлэх, цагдан хорих түр саатуулах байран дахь уулзалтын өрөөг стандарт шаардлагад нийцүүлэх асуудлаар санал солилцлоо.
Цагдан хоригдож, ял эдэлж буй хүмүүст оруулах илгээмжийг заавал “Монгол шуудан” ХХК-аар дамжуулан хамгийн багадаа 5.000 төгрөг төлж оруулдаг байсныг өөрчлүүлж, ямар нэг дамжлагагүй, төлбөргүй оруулах асуудлыг газар дээр нь шийдвэрлэсэн байна.