"Алтан бөмбөрцөг"-ийн хамгийн олон шагналд Barbie, Oppenheimer нэр дэвшжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Jargal.d@montsame.mn
2023-12-12 09:56:54

НЬЮ-ЙОРК, 2023 оны арванхоёрдугаар сарын 12 /BBC/. Кино урлагийн шилдгүүдийг тодруулдаг "Алтан бөмбөрцөг" наадамд өрсөлдөх нэр дэвшигчид тодорлоо. Энэ удаагийн наадмын хамгийн олон шагналд сүүлийн 12 сарын хугацаанд хамгийн их хит болсон хоёр кино болох “Barbie”, “Oppenheimer” нэр дэвшжээ. 


Грета Гервигийн найруулсан "Barbie" кино нь "Шилдэг инээдмийн болон мюзикл кино", "Шилдэг эмэгтэй гол дүр", "Шилдэг туслах дүр", "Шилдэг найруулагч", "Шилдэг зохиол" зэрэг есөн төрөлд өрсөлдөх юм. 


"Шилдэг инээдмийн болон мюзикл" төрөлд "Barbie"-гаас гадна, Эмма Стоуны гол дүрд нь тоглож, Йоргос Лантимосын найруулсан “Poor things”,  Бен Аффлекийн найруулсан, Nike компанийн тухай “Air”, Тодд Хейнсийн “May December”, Корд Жефферсоны “American Fiction”, Александр Пэйнийн “The Holdovers” зэрэг кинонууд нэр дэвшжээ. 


Хамгийн олон шагналд нэр дэвшсэн тоогоор хоёрдугаарт Кристофер Ноланы "Oppenheimer" намтарчилсан драм кино орж байна. Энэхүү кино нь "Шилдэг драм кино", "Шилдэг найруулагч", "Шилдэг эрэгтэй гол дүр", "Шилдэг туслах дүр" зэрэг найман шагналын төлөө өрсөлдөнө.


Мөн "Killers of the Flower Moon" долоо, "Poor Things" долоо, "Past Lives" тав, "May December", "Anatomy of a Fall", "Maestro" кинонууд тус тус дөрвөн төрөлд нэр дэвшсэнээр "Алтан бөмбөрцөг" наадмын хамгийн олон шагналд дэвшсэн кинонуудад тооцогдож байна.


Холливудын гадаад хэвлэлийн холбооноос жил бүр олгодог "Алтан бөмбөрцөг" шагнал нь нэр хүндээрээ “Оскар”-ын дараа хоёрдугаарт ордог.  81 дэх удаагийн шагнал гардуулах ёслол нэгдүгээр сарын 7-нд болно.


相关新闻