СҮХБААТАР: Агаар сэлгэлтийн чип багц олгох төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2023-12-11 16:31:34

Баруун-Урт, 2023 оны арванхоёрдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран тус аймаг 2022 оноос агаар сэлгэлтийн чип багцын төслийг орон нутагтаа хэрэгжүүлж эхэлсэн. Өнгөрсөн онд НҮБ-аас буцалтгүй тусламжаар зорилтот бүлгийн өрхүүдэд олгож байсан бол энэ удаад орон нутгаас тавин хувийг хөнгөлж, 34 өрхөд дахин чип багцыг олголоо.



2022 оны төсвийн тодотгол дээр энэхүү төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх 50 сая төгрөгийн зардлыг тусгасан байсан. Төсөл өөрөө маш ач холбогдолтой учир ирэх онд ч дахин хэрэгжүүлнэ. Ингэхдээ 1000 өрхөд энэхүү чип багцыг нэвтрүүлэхээр төлөвлөөд байна. Ингэснээр бид агаарын бохирдлыг багасгаж, иргэдээ эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, цаашлаад айл өрхийн амьдралын чанарыг дээшлүүлж, тав тухыг нь бүрдүүлэх юм гэдгийг аймгийн Засаг даргын орлогч Г.Мөнхзаяа хэллээ.


Агаарын болон орчны бохирдлыг багасгах, дотор агаарын чанарыг сайжруулах, бага насны хүүхдийн эрүүл аюулгүй орчинд амьдарч, сурч хүмүүжих нөхцөлийг бүрдүүлэх зорилго бүхий агаар сэлгэлтийн чип багцыг 2023 онд нийт 77 айл өрх, дөрвөн сумын 15 гэр цэцэрлэгт амжилттай нэвтрүүлээд байна.


4-р багийн иргэн Э.Баттуяа ам бүл тавуулаа, нөхөр хүүхдүүдийн хамт амьдардаг. Тэрбээр, нөхөр бид хоёр хоёулаа завгүй ажилтай хүмүүс, өглөө гараад л орой тал талаасаа цугладаг. Өнгөрсөн хавар төсөлд хамрагдаад, чип багцыг авсан нь хамгийн зөв сонголт байсан. Цаг зав хэмнэхээс эхлээд ажлыг маш их хөнгөвчилдөг. Гал түлдэг байхад мэдээж тоос тордог, утаа униар гарахаас эхлээд асуудал ихтэй байдаг байсан. Өмнө жилүүдэд өвлийн улиралд сардаа 2-3 тонн нүүрс түлдэг байсан. Тэгэхээр зардал маш их гарна. Одоо бол сардаа цахилгааны мөнгө 60-70 мянгын хооронд гардаг. Гэр ямар ч дулаан алдалт байхгүй болсон. Хүүхдүүд маань ч, бид ч гэртээ тав тухтай, тохилог дулаахан сайхан байна гэж ярилаа. 

相关新闻