БАЯНХОНГОР: Энэ оны гүйцэтгэлийн төлөвлөгөө 90 гаруй хувийн биелэлттэй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2023 оны арванхоёрдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Байгальд ээлтэй технологи буюу утааг 99 хувь шатаах, 30 гкал хүчин чадал бүхий Дулааны станц байгуулах ажлыг Баянхонгор аймагт 2022 онд эхлүүлж байгаа бөгөөд гүйцэтгэл жил бүрийн төлөвлөлтийн хүрээнд амжилттай хэрэгжиж байна. 2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө 90 гаруй хувийн биелэлттэй байгааг төслийн гүйцэтгэгч талаас мэдээллээ.
Энэ оны төлөвлөлтийн хүрээнд, Үндсэн барилгын ган карказын нэгдүгээр үеийн угсралтын ажил дууссан бол хоёр болон гуравдугаар үеийг газар холбож бэлтгээд байна. Зуух 1, 2, 3 халах гадаргуугийн угсралтын ажлыг бүрэн дуусгаж, өвөлжилтийн бэлтгэлийг тус тус хангажээ.
Сүүлийн жилүүдэд Баянхонгор аймгийн тулгамдсан асуудлуудын нэг нь агаарын бохирдол болсон. Аймгийн төвд 30 Гкал/цаг хүчин чадалтай, автомат систем бүхий эх үүсвэр, 5.8 км урт дулаан дамжуулах шугамыг 26 сарын хугацаанд барихаар төлөвлөн ийнхүү ажил өрнөж байна. Баянхонгор аймгийн төвд Дулааны станц баригдсанаар 247 аж ахуйн нэгж, 238 нийтийн орон сууцыг найдвартай дулаан, хэрэгцээт халуун усаар тогтмол хангах боломж бүрдэх юм.
Байгаль орчинд сөрөг нөлөөгүй, бүрэн автомат удирдлагатай, дэвшилтэт технологи бүхий Дулааны станцтай болсноор нүүрсний хэрэглээ даруй 30 хувиар буурна гэж тооцжээ.