ОПЕК+ олборлолтоо дахин бууруулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2023-12-01 09:44:57

МОСКВА, 2023 оны арванхоёрдугаар сарын 1 /RIA Novosti/.  ОХУ, Саудын Арабаас бусад ОПЕК+ бүлгийн орнууд газрын тосны олборлолтоо дахин бууруулахаар тохиролцжээ. Энэ тухай Оросын шадар сайд Александр Новак "Россия 24" сувагт ярилцлага өгөхдөө мэдээлсэн байна. 


11 дүгээр сарын 30-нд буюу өчигдөр газрын тос олборлогч орнуудын төлөөлөгчид гурван удаа хуралджээ. Тодруулбал, ОПЕК ба ОПЕК+ бүлгийн сайд нарын, ОПЕК+ бүлгийн Сайд нарын хяналтын хорооны (JMMC) хурлууд болсон байна. 


"Өнөөдрийн хуралд оролцсон хэд хэдэн улс ирэх оны эхний улиралд сайн дурын үндсэн дээр олборлолтоо хоногт дахин 700 мянган баррелиар бууруулахаа мэдэгдсэн" гэж А.Новак хэллээ.


ОХУ-ын хувьд өдөрт 300 мянган баррель болгож бууруулаад байсан экспортоо 500 мянгад хүргэж нэмэгдүүлнэ.


Саудын Араб 2024 оны эхний улиралд газрын тосны олборлолтоо өдөрт 1 сая торхоор үргэлжлүүлэн бууруулна. Өөрөөр хэлбэл, олборлолтоо 9 сая баррельд хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ. 


Энэ удаагийн уулзалтаар Бразил улсыг ирэх нэгдүгээр сараас эхлэн ОПЕК-т элсүүлэхээр шийдвэрлэсэн байна. Гэхдээ олборлолтын тодорхой квотгүйгээр элсүүлэх буюу тус улс олборлолтоо бууруулахгүй юм. Бразилд газрын тосны олборлолт нэмэгдсэнээр ОПЕК-т нэгдэх боломжтой болжээ. 


Есдүгээр сард Бразилын олборлолтын хэмжээ өдөрт 3.672 сая баррель болсон нь наймдугаар сарынхаас 6.1 хувь, 2022 оны есдүгээр сарынхаас 16.7 хувиар өссөн байна. Бразилын Газрын тос, байгалийн хийн хүрээлэнгийн тооцоолсноор, тус улс олборлолтын хэмжээгээр дэлхийд есдүгээрт, Латин Америкт нэгдүгээрт оржээ. Бразилын Petrobras компанийн гүйцэтгэх захирал Жан-Пол Пратес хэлэхдээ "2023-2024 онд олборлолт 4-5 хувиар өсөх боломжтой" гэж  мэдэгджээ.


Пүрэв гаргийн арилжааны явцад Brent маркийн газрын тосны хоёрдугаар сард нийлүүлэх фьючерс хэлцлийн үнэ 2.27 хувиар буурч 81 ам.доллар болсон байна. 


ОПЕК+ бүлгийн дараагийн уулзалт 2024 оны зургаадугаар сарын 1-нд болно.

相关新闻