Бенну астероидын дээжийг Их Британийн эрдэмтэд судална
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
ЛОНДОН, 2023 оны арваннэгдүгээр сарын 29 /BBC/. Нарны аймгийн хамгийн аюултай биет хэмээн АНУ-ын сансар судлалын НАСА агентлагийн тодорхойлж буй Бенну астероидын дээжийг Их Британид авчирчээ.
Уг сансрын биетийн чулуулаг, тоосонцрын жижиг хэсгүүдээс бүрдсэн дээжийг Лондоны Байгалийн түүхийн музей болон Манчестер, Оксфордын их сургуулиудын эрдэмтэд судлах гэж байна.
Байгалийн түүхийн музейн профессор Сара Рассел ВВС-д өгсөн ярилцлагадаа, АНУ-ын сансрын агентлагаас өгсөн астероидын дээжийг "жижигхэн боловч жинтэй хандив, хэдэн зуун миллиграмм жинтэй гоо үзэсгэлэн" гэж нэрлэжээ.
НАСА-гийн Osiris-Rex сансрын аппарат 2020 онд 500 м урт Бенну астероидын гадаргуугаас дээж авсан бөгөөд дээжийг тээсэн капсул хоёр сарын өмнө АНУ-ын Юта муж улсын элсэн цөлд газардсан билээ.
Ойрын 300 жилийн хугацаанд манай гарагтай мөргөлдөх магадлалтай уг бага гаргийг НАСА ихэд сонирхож байгаа бөгөөд Дэлхийн хувьд хамгийн аюултай биет гэж тооцож байгаа юм.
Энэхүү сансрын биетийн хэлтэрхий нь 4.6 тэрбум жилийн өмнө Нарны аймаг хэрхэн үүссэн талаарх ойлголтыг тэлэхэд туслах болно. Цаг хугацааны явцад Беннугийн химийн найрлага үндсэндээ өөрчлөгдөөгүй хэвээр байгаад түүний гол нууц оршиж байгаа юм. Судалгаанд дэлхийн олон зуун эрдэмтэд оролцож байна. Тухайлбал, Лондоны Байгалийн түүхийн музейн эрдэмтдийн багийн хувьд, чулуулаг дахь эрдсийн төрөл, тэдгээрийн харьцааг тодорхойлохын тулд рентген туяаны дифракцын аргыг ашиглах тал дээр багагүй туршлагатай.