ЗАВХАН: Автозасварын газрын орчмын хөрс бохирдол ихтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-11-24 15:15:14

Улиастай, 2023 оны арваннэгдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Тус аймгийн төвийн хөрсний бохирдлыг 16 цэгээс сорьц аван агрохими, хүнд металлын хяналт шинжилгээг хийжээ.


Хөрсний чийгийн коэффициент 1.00-1.10%, сульфатын агууламж 46.82-3941.31 мг/кг, фосфорын агууламж 31.51-126.58 мг/кг, нитратын агууламж 5.25-200.85 мг/кг, аммоны агууламж 2.49-73.21 мг/кг байна. Хөрсний урвалын орчин 6.48-8.04-ийн хооронд байна. Аймгийн төв, Улиастай сумын хөрс нь сул шүлтлэг болон шүлтлэг орчинтой  байна.


Шинжилгээнд хамрагдсан сорьцуудын хувьд ялзмагийн агууламжийн хувь нь 0-6.134 хооронд байна. Хөрсний ялзмагийн агууламжийн бүлэглэлээр харахад 62.5 хувь маш бага, 18.8 хувь бага, 12.5 хувь дунд, 6.2 хувь хангалттай бүлэгт багтаж байна.

Хөрсний ялзмаг нь хөрсний үржил шимийг тодорхойлох үндсэн үзүүлэлт болдог. Хөрсөнд хэдийчинээ их ялзмагтай байна, төдий чинээ ус, агаар, дулаан, физик- химийн шинж чанар нь сайн байдаг.

Харин хүнд металлын дүнгээс харахад, Улиастайд үйл ажиллагаа явуулж байгаа уурын зуухны орчим ба Богдын гол багийн гэр хорооллын цайрын агууламж 1.0-1.1 дахин их. Улиастай зочид буудал ба уурын зуухны цэгийн хөрсний стронцын агууламж 1.1 дахин их, авто засварын газрын цэгийн хөрсний кобальтын агууламж 1.1 дахин их бохирдолтой байна гэж ЦУОШГ-ын Байгаль орчны шинжилгээний лабораториос мэдээлэв.

相关新闻