БАЯНХОНГОР: Төрийн үйлчилгээг чанартай хүргэдэг алба хаагчдыг алдаршуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-11-22 15:51:26
Баянхонгор, 2023 оны арваннэгдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Иргэнд төрийн үйлчилгээг чанартай, түргэн шуурхай хүргэдэг, ёс зүй, хандлага зөвтэй төрийн албан хаагчдыг олон нийтэд таниулах зорилготой уралдааныг зарлажээ.

Эзэмшсэн мэргэжил, эрхэлсэн ажил, чиг үүргийнхээ хүрээнд төрийн үйлчилгээг иргэнд түргэн шуурхай, чадварлагаар хүргэсэн төрийн бүхий л шатны албан хаагчид чин сэтгэлийн талархлаа захидлаар илэрхийлэх тус уралдаанд Баянхонгор аймгийн 20 сум, 105 багийн нийт иргэд талархлын захидал ирүүлэн оролцох боломжтой.

Уралдааныг аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны Удирдлагын хэлтэс, Баянхонгор аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлөөс зохион байгуулж байгаа бөгөөд ирэх сарын 10-ны өдрийг хүртэл захидлыг хүлээн авах аж.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн "Талархлын захидал"-ыг хүндэтгэлтэйгээр эзэнд нь гардуулан өгч, Баянхонгор аймгийн албан ёсны сайт болон мэдээ мэдээллийн цахим хуудсанд байршуулан тухайн албан хаагчийг олон нийтэд алдаршуулна.

Захидалд тавих шаардлагын тухайд, тод, гаргацтай, ойлгомжтой бичих, талархлын захидал хүргүүлэх төрийн албан хаагчийн ажил албан тушаал, овог нэр зөв, тодорхой байх, талархлын захидал бичигч өөрийн нэр, хаяг, утасны дугаараа зөв, гаргацтай, тодорхой бичих, захидлаа 300-400 үгэнд багтаах шаардлагатай. Захидлыг цаасаар ирүүлэх тохиолдолд дугтуйлаад, ажлын өдрүүдэд 09:00-18:00 цагийн хооронд аймгийн Засаг даргын Тамгын газрын 203 тоотод өгөх, цахимаар ирүүлэх бол zayanaaa.uni@gmail.com хаягаар илгээх боломжтой юм байна.
相关新闻