ЗАВХАН: Соёлын бүтээлч сарын үйл ажиллагаанд 6500 гаруй иргэн оролцжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай,
2023 оны арваннэгдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Гурав дахь жилдээ зохион байгуулж буй “Соёлын бүтээлч сар” аяныг Завхан
аймгийн тухайд хүртээмжтэй үр дүнтэй олон төрлийн үйл ажиллагаагаар өрнүүлж байна. Энэ талаарх мэдээллийг Завхан аймгийн Соёл урлагийн газрын мэргэжилтэн
И.Янжинлхамаас тодрууллаа
-Завхан аймаг соёлын бүтээлч сарыг угтаж аймгийнхаа 24 суманд соёлын үйл
ажиллагааг зохион байгуулсан. Үйл ажиллагааны зорилго, үр дүн ямар байна вэ?
-‘‘᠋Соёлын сар’’-ыг угтан Соёл урлагийн газраас 24 сумын Соёлын төвдөө хүрч ажиллах зорилт тавьж, одоогоор 13 суманд ажиллаад байна. Сумдад ажиллах үеэрээ Соёлын төвд зөвлөн туслах, Нийтийн ном сангийн уншлагыг дэмжих, Музейн боловсролын хөтөлбөр, Соён гэгээрүүлэх лекцүүдэд сумын бүх насны иргэдийг хамруулсан.
Эдгээр үйл ажиллагаануудад иргэд идэвхтэй оролцсон. Харин соён гэгээрүүлэх
лекцүүдэд 5300 гаруй, өглөөний ном уншлага, ном солилцооны уулзалтад 500
гаруй, бусад сургалтад 700 гаруй гээд нийт 6500 гаруй иргэнийг оролцуулжээ.
Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Алсын хараа-2050”, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Соёлын тухай хууль, “Шинэ сэргэлтийн бодлого” зэрэг урт, дунд хугацааны бодлогын баримт бичгүүдэд соёлын бүтээлч үйлдвэрлэлийг эдийн засгийн бие даасан салбар болгон хөгжүүлж, нийгэм эдийн засагт үзүүлэх үр нөлөөг нэмэгдүүлэх талаар тусгасан.
Мөн
Соёлын яам өнгөрсөн хугацаанд соёлын бүтээлч үйлдвэрлэлийн суурь судалгааг
хийж, өөрийн орны нөөц бололцоо, олон улсын туршлага чиг хандлагатай уялдуулан,
хөгжлийн бодлогоо тодорхойлон “Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг тэргүүлэх чиглэл,
арга хэмжээг батлах тухай” Засгийн газрын тогтоолыг
батлуулсан.
Энэ хүрээнд үндэсний агуулгатай инновац шингэсэн соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлж эдийн засгийн эргэлтэд оруулах, экспортыг нэмэгдүүлэх. Соёлын өвд суурилсан соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, соёлын ажилтан, уран бүтээлчид, хүүхэд залуучууд, иргэдийн бүтээн туурвих авьяас, чадавхыг хөхиүлэн дэмжих.
Соёлын үйлдвэрлэл эрхлэгчдийг ойртуулах чиглэлээр хийж байгаа томоохон ажил нь "Соёлын бүтээлч сар" аян юм. Тиймээс бид өндөр ач холбогдол өгч ажиллаж байна.
Хөдөө орон нутгийн иргэдэд соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжихийн ач холбогдлыг таниулж, соёл урлагаар дамжуулан нийгмийн соён гэгээрүүлэх, хүүхэд, залуучуудын хүмүүжил төлөвшилд эерэгээр нөлөөлөх. Соёлын салбарт ажиллаж байгаа ажилтнуудад мэргэжил арга зүйн зөвлөгөөг газар дээр нь үзүүлэх гэхчлэн олон талт үйл ажиллагааг явуулж байна.
-Соёлын
бүтээлч сар аяныг жил бүр өөр агуулга хэлбэрээр зохион байгуулж байна. Завханд яг ямар ажлуудыг хийхээр төлөвлөсөн бэ?
-‘‘Бүх
нийтийн соёлын боловсрол’’ үйл ажиллагааны төлөвлөгөөг
хэрэгжүүлэх үүднээс Монгол Улсын Соёлын яамнаас ‘‘Соёлын
эрхийн бичгийн тандалт судалгаа’’-ны ажлыг орон даяар эхлүүлсэн.
Манай Соёл урлагийн газар, Боловсрол шинжлэх ухааны газартай хамтран судалгааны ажлыг зохион байгуулж байна.
Завхан аймгийн тухайд ‘‘Соёлын эрхийн бичгийн тандалт судалгаа’’-нд 23 сумаас 950, аймгийн төв Улиастай хотоос 354 нийт 1305 хүүхдийг хамруулсан.
Судалгаанд хамрагдаж буй 16-18 насны
хүүхдүүдэд зориулан Улиастай суманд аймгийн Төв номын сангаас ‘‘Цаасан урлал’’, ‘‘Ном сэлбэн засах’᠋᠋’
сургалтууд, аймгийн Музейгээс ‘‘Өв
соёлоороо аялахуй’’᠋, Хөгжимт жүжгийн театраас’’Асарын өндөр’ түүхэн аялгуут жүжгийг тоглож байна.
Харин сумдын
Соёлын төвийн тухайд багцалсан хөтөлбөрөөр соёлын үйлчилгээг хүргэж байгаа
юм.
Аян нь жил бүр агуулга, хэлбэрээ баяжуулан цар хүрээний хувьд өргөжиж байна. Арваннэгдүгээр сарын турш Монгол орон даяар соёлын салбар, түүний ажилтан, албан хаагчдыг чадваржуулж, хөгжүүлэх олон талт үйл ажиллагаа зохион байгуулж байна.
Мөн иргэд, олон нийтэд нээлттэй төрөл бүрийн тоглолт, үзэсгэлэн, хүүхэд залуучуудад тусгайлан зориулсан хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа юм.
Ирэх 7 хоногт аймгийн Хөгжимт жүжгийн театрт “Асарын өндөр” түүхэн аялгуут жүжгийг 21-24-ний өдөр дөрвөн удаа тоглоно.
Мөн “Бүтээлч залуус, соёлын салбарын манлайлал” уриан дор Соёлын салбарын залуучуудын анхдугаар чуулганыг 24-нд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
Сарын сүүлчээр Соёл урлагийн газраас үлдсэн 10 суманд хоёр баг ажиллахаар төлөвлөсөн.
-Танд баярлалаа.