ОРХОН: Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгааны баг Орхон аймагт ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр, 2023 оны арваннэгдүгээр сарын 16, /МОНЦАМЭ/.
Үндэсний Статистикийн хороо, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран зохион
байгуулдаг “Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа”-г улс даяар явуулж байна. Уг ажлыг зохион байгуулж
буй ажлын багийнхан Орхон аймагт ирлээ. Судалгааны баг найман
хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон 425 өрхөөс
мэдээлэл цуглуулна.
Иймд сонгогдсон өрхийн гишүүдийг үүргээ ухамсарлан судалгаанд идэвхтэй
оролцож, хамтран ажиллахыг Багийн ахлагч Б.Даваахүү уриаллаа.
Энэ удаагийн
судалгаанд улсын хэмжээнд санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон 13850 өрх
хамрагдана. Улаанбаатар хотоос 3400, Төвийн бүсээс 2800, Хангайн бүсээс 3025, Зүүн бүсээс 2100, Баруун бүсээс 2525 өрхийг хамруулна.
Судалгаагаар Монгол
Улсын хүүхдүүдийн эрүүл мэнд, боловсрол, хоол тэжээл, хөгжил, хамгааллын
үзүүлэлтүүд, эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн мэдээллийн технологийн хэрэглээ,
түүний ур чадвар, нөхөн үржихүйн эрүүл мэнд, ХДХВ-ийн талаарх мэдлэг, хүн амын
сайжруулсан ундны ус, ариун цэврийн байгууламжийн хэрэглээний талаар мэдээлэл цуглуулна.
Мөн өрхийн ундны усанд
гэдэсний савханцар илрүүлэх шинжилгээ, эрчим хүчний хэрэглээ болон хүн амын амьдралын нөхцөл байдал, эрхийн хэрэгжилтийг
хэмжих зэрэг
270 гаруй үзүүлэлтээр мэдээлэл цуглуулна. Ингэснээр Тогтвортой хөгжлийн зорилтын шалгуур
үзүүлэлтүүдийг тооцоход чухал ач холбогдолтой гэлээ.
Мөн хүүхдийн хөдөлмөр
эрхлэлт, үйлдлийн чадварын алдагдал, сурах суурь чадвар, сэтгэл зүйн байдал,
эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн согтууруулах ундаа, тамхины хэрэглээ болон бэлгийн
харилцааны төлөвшил зэрэг олон талт нийгмийн үзүүлэлтүүдийг судлах юм.