БАЯН-ӨЛГИЙ: Өлгий хот орох 6 чиглэлд хяналтын пост ажиллуулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Өлгий, 2023 оны арваннэгдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд "Мал, мах-2023" урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг энэ сарын 8-ны өдрөөс эхлэн зохион байгуулж байгаа.
Тус ажил нь мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, мах, махан бүтээгдэхүүний бүртгэл, хяналтыг сайжруулах зорилготой аж.
Баян-Өлгий аймгийн хувьд иргэдийн өвлийн идэш бэлтгэх улирал эхэлж, малын шилжих хөдөлгөөн ихтэй байгаа. Иймээс дээрх үйл ажиллагааны хүрээнд аймгийн Цагдаагийн газраас Өлгий хот орох 6 чиглэлд 24 цагаар ажиллах хяналтын пост, 4 чиглэлд хөдөлгөөнт эргүүл ажиллуулж байна.
Урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа эхэлснээс хойш хяналтын цэг болон хөдөлгөөнт эргүүлээр үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчид нийт 5987 толгой бог, 1594 толгой бод малын гарал үүслийн гэрчилгээг шалгажээ. Мөн 790 тээврийн хэрэгслийг шалгаж, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн 71 хүнийг 2.9 сая төгрөгөөр, гарал үүслийн гэрчилгээгүй мал тууварласан, тээвэрлэсэн 1 хүнийг 150 мянган төгрөгөөр тус тус торгосон байна.
Ташрамд сануулахад, гарал үүслийн
гэрчилгээгүй мал, мах тээвэрлэсэн, тууварласан тохиолдолд Зөрчлийн тухай хуульд
зааснаар иргэнийг 150 мянга, хуулийн этгээдийг 1.5 сая төгрөгөөр торгож арга
хэмжээ авах ажээ.