Умард Солонгосын пуужингийн талаар мэдээлэл солилцох системийг нэвтрүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2023-11-13 10:05:26

СӨҮЛ, 2023 оны арваннэгдүгээр сарын 13 /Yonhap/. Өмнөд Солонгос, АНУ, Японы Батлан хамгаалахын сайд нар Умард Солонгосын харвасан баллистик пуужинг илүү сайн илрүүлж, дүн шинжилгээ хийх зорилгоор пуужингийн сэрэмжлүүлгийн мэдээлэл солилцох системийг ирэх сараас нэвтрүүлэхээр тохиролцлоо гэж Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яам мэдэгджээ.


АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин БНСУ-ын Батлан хамгаалахын сайд Шин Вон Сиктэй хоёр талын аюулгүй байдлын асуудлыг хэлэлцэхээр Сөүлд айлчлах үеэр гурван улсын төлөөлөгчид дээрх тохиролцоонд хүрсэн байна. АНУ, Өмнөд Солонгосын хоёр талын хэлэлцээ даваа гарагт болно. Японы Батлан хамгаалахын сайд Кихара Минорү ням гарагт болсон гурван талын уулзалтад цахимаар оролцжээ


Умард Солонгосын пуужинг илрүүлэх, дүн шинжилгээ хийх талаар улс орон бүрийн чадавхыг сайжруулахад чиглэсэн бодит цагийн мэдээлэл солилцох механизмын бэлтгэл ажил эцсийн шатандаа явж байна гэж гурван улсын сайд нар дүгнэлээ. Улмаар уг механизмыг 12 дугаар сараас албан ёсоор ажиллуулахаар тохиролцлоо гэж яамны мэдэгдэлд дурдсан байна.


Талууд мөн хамтарсан сургуулилалтыг ирэх нэгдүгээр сараас эхлэн илүү зохион байгуулалттай, үр дүнтэй явуулах тухай гурван талын цэргийн сургуулийн төлөвлөгөөг энэ оны эцэс гэхэд эцэслэн боловсруулахаар тохиролцжээ. Мөн цаашид гурван талын сургалтыг янз бүрийн чиглэлээр тасралтгүй өргөжүүлэхээр тохиролцсон байна.


Сөүл, Токиогийн харилцаа мэдэгдэхүйц сайжирч байгаа энэ үед АНУ болон түүний Азийн холбоотон хоёр орон гурван талын аюулгүй байдлын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлд хүчин чармайлт гаргаж байгаа юм. Өнгөрсөн сард гурван улс хамтран Солонгосын хойгийн ойролцоо агаарын цэргийн анхны сургуулилалтыг хийж, довтлогч талын дайралтыг таслан зогсоох тэнгисийн цэргийн сургуулийг долоон жилийн дараа анх удаа хийсэн юм.


Ням гарагт болсон уулзалтын үеэр Батлан хамгаалахын сайд нар Пёньяны сүүлийн үед явуулж буй пуужингийн болон цөмийн үйл ажиллагааг зэмлэн буруушааж, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн холбогдох тогтоолуудын дагуу Умард Солонгосыг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулахын” төлөө нягт хамтран ажиллахаа амлажээ. Умард Солонгос энэ оны эхээр хатуу түлшээр ажилладаг Хвасон-18 тив алгасагч баллистик пуужинг хоёр удаа туршсанаас гадна цэргийн тагнуулын анхны хиймэл дагуулаа дахин хөөргөхөөр бэлтгэж байна гэж шинжээчид үзэж байна. Уг хиймэл дагуулыг тав, наймдугаар сард хөөргөсөн боловч амжилтгүй болсон юм.  

相关新闻