Тувалугийн иргэдэд гамшгаас дайжих боломжийг Австрали улс олгоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
odondarjaa@montsame.gov.mn
2023-11-10 18:05:00

АВАРУА, 2023 оны арваннэгдүгээр сарын 10 /ВВС/. Уур амьсгалын өөрчлөлтийн гамшгаас дайжиж Австрали улсад оршин суух боломжийг Тувалугийн иргэдэд олгох шинэ гэрээ байгуулагджээ. Өнөөдөр энэ тухай Күүкийн арлуудын нийслэл Аваруа хотноо болж буй Номхон далайн арлуудын форум (PIF) байгууллагын чуулга уулзалтын үеэр зарласан байна.


Үүнтэй холбогдуулан Австралийн Ерөнхий сайд Энтони Албанез мэдэгдэхдээ "урьд өмнө байгаагүй цоо шинэ гэрээ байгууллаа" гэжээ.


Номхон далай дахь Тувалугийн нам дор арлууд нь далайн түвшин нэмэгдэж буй энэ үед хамгийн их эрсдэлд ороод байгаа юм. Тувалу улс 11.2 мянган хүн амтай бөгөөд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхийн тулд илүү өргөн далайцтай арга хэмжээ авахыг удаа дараа уриалж байв.


Тувалу улсын Ерөнхий сайд Каусеа Натано уг гэрээг "итгэл найдварын гэрэлт оч бөгөөд бүс нутгийн бат бэх тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийг хангах бидний хамтын эрхэм зорилгод хүрэх том үсрэлт" гэж дүгнэжээ.


Гэрээний хүрээнд жил бүр 280 хүртэлх хүнд шинээр виз олгож, Австралид амьдрах, ажиллах, суралцах боломжоор хангана. Ингэснээр уур амьсгалын өөрчлөлтийн эрсдэлд өртсөн гадаадын иргэдэд оршин суух эрхийг Австрали улс анх удаа олгож байна гэдгийг мэдээллийн АВС агентлаг онцолжээ.


"Өнөөдөр Австрали улсыг Номхон далайн гэр бүлийн нэг хэсэг гэдгийг хүлээн зөвшөөрсөн чухал өдөр болж байна" гэж ноён Э.Албанез сэтгүүлчдэд мэдэгдэв. Falepili Union гэгдэх энэхүү шинэ гэрээ нь Австрали болон Номхон далайн орнуудын хооронд байгуулсан "хамгийн чухал" гэрээ юм гэдгийг тэрбээр нэмж хэллээ.


Гэрээний дагуу Австрали улс уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх болон аюулгүй байдлын салбарт тус улсад тусламж үзүүлэх аж. Австрали улс Тувалуг цэргийн түрэмгийллээс хамгаалах үүрэг хүлээсэн бөгөөд Тувалу нь Австралийн зөвшөөрөлгүйгээр бусад улстай батлан хамгаалахын салбарт гэрээ байгуулах эрхгүй юм.


Өмнө нь, Шинэ Зеланд, АНУ хоёр Палау, Микронезийн Холбооны Улс, Күүкийн арлууд зэрэг Номхон далайн бусад улсуудтай дээрхтэй ижил төстэй гэрээ байгуулсан юм.




Түүнчлэн Австрали улс уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход нь Тувалуд санхүүгийн тусламж үзүүлэх бөгөөд үүнд Тувалугийн төв арлын талбайг 6 хувиар тэлэхэд зориулсан 16.9 сая австрали доллар (10.7 ам.доллар) багтжээ.


Тувалу улс далайн түвшний нэмэгдэхээс хамгаалах талаар олон жилийн турш арга хэмжээ авсаар ирсэн байна.


Өнгөрсөн есдүгээр сард тус улс Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулж "уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр эсхүл өөр бусад шалтгаанаар газар нутгаа алдахад хүрсэн тохиолдолд ч Тувалугийн төрт улс мөнх хэвээр орших болно" гэж заажээ.


Мөн түүх, соёлоо хадгалахын тулд Тувалугийн дижитал хувилбарыг бүтээхээр төлөвлөсөн байна. 


相关新闻