Холливудын жүжигчид ажил хаялтаа зогсоожээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
НЬЮ-ЙОРК, 2023 оны арваннэгдүгээр сарын 10 /VOA/. Холливудын жүжигчид томоохон студиүдтэй урьдчилсан тохиролцоонд хүрч, гурван сар гаруй үргэлжилсэн томоохон ажил хаялтаа зогсоолоо.
Ажил хаялт 11 дүгээр сарын 9-нд албан ёсоор дууссан гэж Телевиз, радиогийн жүжигчдийн үйлдвэрчний эвлэлийн холбоо (SAG-AFTRA) мэдэгджээ.
Үйлдвэрчний эвлэлээс мэдэгдсэнээр, АНУ-ын Кино, телевизийн продюсеруудын холбоотой 1 тэрбум гаруй долларын гурван жилийн гэрээ байгуулжээ. Уг гэрээнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх, холбооны гишүүдийг "хиймэл оюун ухаантай холбоотой эрсдэлээс" хамгаалах арга хэмжээг оруулснаас гадна "шууд дамжуулалтад оролцсоны урамшуулалыг" анх удаагаа тусгасан байна.
Шинэ гэрээ нь “SAG-AFTRA”-ийн гишүүдэд "карьераа тогтвортой өсгөх" боломжийг олгоно гэж үйлдвэрчний эвлэл мэдэгджээ. "Өнөөдөр болоод ирээдүйд олон мянган уран бүтээлч энэхүү гэрээний үр шимийг хүртэнэ" гэж мэдэгдэлд дурдсан байна.
Холливудын жүжигчдийн ажил хаялт долоодугаар сарын дундуур эхэлсэн бөгөөд Америкийн Кино зохиолчдын эвлэлийн ажил хаялттай давхацсан юм. Тэдний аль аль нь хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хиймэл оюун ухааныг ашиглахтай холбоотой бодлогыг эргэн харахыг шаардаж байв. Кино зохиолчид ажил хаялтаа есдүгээр сард зогсоосон юм. Reuters агентлагийн тооцоолсноор, ажил хаялтаас үүдэлтэй кино салбар дахь үйлдвэрлэлийн зогсолт Калифорни муж улсад 6 тэрбум долларын хохирол учруулжээ.