ГОВЬ-АЛТАЙ: Хүүхдүүдэд урлаг, соёлын үйлчилгээ авах эрхийн бичиг олгоно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Есөнбулаг 2023 оны арваннэгдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. “Соёлын бүтээлч сар" аяны хүрээнд Соёлын яамнаас хүүхдүүдэд урлаг, соёлын үйлчилгээ авах эрхийн бичиг олгоно.
Тодруулбал, улсын хэмжээнд өрнөж буй “Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад соёл, урлагийн үйлчилгээ авах эрхийн бичиг олгох тухай Говь-Алтай аймгийн Соёл, урлагийн газрын дарга С.Цагаанбаатар мэдээллээ. Тэд эрхийн бичгээрээ үзвэр үйлчилгээ авах, секц дугуйланд хамрагдах боломжтой ажээ.
Одоогоор хүүхэд тус бүр 10 мянган төгрөг олгож байгаа бол 2024 он гараад Монгол Улсын Засгийн газраас 100 мянган төгрөгийн эрхийн бичиг олгоно гэв. Ингэснээр хүүхдүүд нас харгалзалгүйгээр соёлын үйлчилгээ авч, бага наснаасаа урлагт хайртай дуртай болох, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, цаашлаад урлаг соёлоор дамжуулан хүмүүжил боловсролд эерэгээр нөлөөлөх, гоо зүйн хүмүүжил олгох чухал ач холбогдолтой юм гэдгийг холбогдох албанаас онцлон танилцуулав.