БАЯН-ӨЛГИЙ: "Бүргэд" драмын жүжгийг театрын тайзнаа казах хэлээр амилуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Өлгий, 2023 оны арваннэгдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Монгол Улсын соёлын яамнаас өрнүүлж буй "Соёлын бүтээлч сар" аяны хүрээнд Монгол Улсын Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Р.Шынайн "Бүргэд" драмын жүжгийг энэ сарын 18, 19-ний өдрүүдэд казах хэлээр театрын тайзнаа тавихаар бэлтгэж байна.
Тус жүжгийг өнгөрсөн онд Улаанбаатар, Эрдэнэт хотын театрт анх удаагаа монгол хэлээр тоглож байсан юм.
Жүжгийн продюсероор театрын дарга Ж.Сайгүлик, уран сайхны удирдагчаар С.Лайла, найруулагчаар М.Ертай, бүжиг дэглээч, хөдөлгөөний найруулагчаар С.Алтансэлэм нарын хүмүүс ажиллаж, дүрүүдэд Х.Жанатбек, Х.Жапар, Х.Сулушаш, Х.Нурлан, А.Ханат нарын жүжигчид тоглох аж.
Аймгийн Хөгжимт драмын театрын 67 дахь "Өвөл цагийн" нээлтийн салхийг хагалах "Бүргэд" драмын жүжгийг Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Ахтаны "Бүргэд" найраглалаас сэдэвлэн бичсэн ба анх 1997 онд казах хэлээр олны хүртээл болж байжээ. Зохиолч бүтээлдээ зарим өөрчлөлтүүдийг оруулснаар өнгөрсөн онд монгол хэлээр театрын тайзнаа дахин амилуулсан.
Жүжгийн зураачаар
Х.Дастан ажиллаж байгаа ба хувцас дизайныг эртний Хүннүгийн үеийн булшны
олдвороос санаа авсан, хадны сүг зурган хээгээр гоён урласнаараа онцлогтой
болсон гэдгийг мэргэжлийн хүмүүс онцолж байна.