Өнгөрсөн сар түүхэн дэх хамгийн дулаахан 10 дугаар сар байжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
БОНН, 2023 оны арваннэгдүгээр сарын 8 /copernicus/. Өнгөрсөн 10 дугаар сар дэлхийн цаг агаарын ажиглалтын түүхэн дэх хамгийн дулаан 10 дугаар сар байлаа гэж Европын Холбооны Коперникийн нэрэмжит Уур амьсгалын өөрчлөлт судлалын газар мэдээлэв.
Мэдээлэлд дурдсанаар, өнгөрсөн сард гадаргын дундаж температур 15.3 хэм байсан нь 1991-2020 оны 10 дугаар сарын дундаж температураас 0.85 хэмээр, 2019 оны 10 дугаар сарынхаас 0.4 хэмээр илүү байжээ.
Үүнээс гадна, Атлантын далайн гадаргуугийн дундаж температур 10 дугаар сарын хамгийн өндөр үзүүлэлт буюу 20.79 хэмд хүрсэн байна.
2023 он цаг уурын ажиглалтын түүхэн дэх хамгийн дулаан жил болох төлөвтэй байгааг НҮБ-ын Дэлхийн Цаг уурын байгууллагаас өмнө нь мэдээлж байсан билээ. Сүүлийн саруудад агаарын хэмийн олон үзүүлэлт шинэчлэгджээ.