ДОРНОД: Герман улсаас төрөлх Цагаан-Овоогоо зорьсон гэр бүл
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Чойбалсан, 2023 оны арваннэгдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Төрж өссөн нутаг усаа зорин ирж, хөгжил цэцэглэлтэд нь гар бие оролцохыг хүссэн залуу гэр бүлүүд Дорнодод олон бий. Тэдний төлөөлөл бол Д.Отгонжаргалын гэр бүл юм. Эднийх Герман улсад амьдарч байгаад таван жилийн өмнө эх орондоо иржээ. Тэр даруй сумандаа сайхан амьдрахаар Цагаан-Овоогоо зорьсон байна. Одоогоор найман нэрийн хүнсний дэлгүүр ажиллуулж, “Нутгийн брэнд бүтээгдэхүүн”-ий тов хийсэн булантай болоод амжжээ.
Сумын иргэд өөрсдийн
хийсэн бүтээгдэхүүнийг эдний дэлгүүрт авчирч өгч хэвшсэнээр ямар ч шимтгэл
авахгүйгээр худалдан борлуулдаг. Одоогоор Цагаан-Овоо суманд нутгийн брэнд
бүтээгдэхүүн үйлдвэрлэгч долоон иргэн байна.
Угтаа нутгийн брэнд бүтээгдэхүүн худалдан борлуулах байр баригдана гэсэн сураг дуулдаад хоёр жил өнгөрч байгаа гэх. Иргэд ийнхүү өөрсдийн боломж бололцоогоор жижиг үйлдвэрлэл, бизнес эрхлэх хүсэлтэй ч холбогдох байгууллагуудаас тавьдаг амьдрал дээр буугаагүй олон шаардлага тэднийг залхаах нь ч бий.
Д.Отгонжаргал гэргий
Б.Баттуяагийнхаа хамт сумын иргэдийнхээ дунд мод тарих уралдаан зарлаж, шилдгүүдээ
шалгаруулжээ. Тэд сумынхаа ногоон хөгжилд хувь нэмэр оруулах зорилгоор гурван
жилийн турш хамгийн олон мод тарьсан гурван айлыг энэ жил шалгаруулж, Улаан-Үд
хот руу аялуулахаар болсон байна.
Мөн Хөлөнбуйр сумаас Цагаан-Овоо руу явахад
олон салаа замтай учир хувиасаа зардлыг нь гарган гурван самбар байрлуулжээ.
Энэчлэн сум орон нутгийнхаа хөгжилд хувь нэмрээ оруулахын төлөөх олон
төлөвлөгөө, зорилго бий гэдгээ ярьж байлаа.