ОРХОН: Энэ онд 33.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр,
2023 оны арваннэгдүгээр сарын 6, /МОНЦАМЭ/. Орхон
аймагт энэ онд улс болон орон нутгийн төсвөөр нийт 33,4 тэрбум төгрөгийн
хөрөнгө оруулалтын ажил хийжээ.
Үүний 27,7 тэрбум төгрөгийг орон нутгийн төсвөөс гаргаж 131 ажил гүйцэтгэсэн байна. Тухайлбал, 2,1 тэрбум төгрөгөөр ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын 92 хувийг нас, биед нь тохирсон ширээ сандлаар хангав. Мөн гэр хорооллын хог ачилтын давтамжийг нэмэгдүүлэх зорилгоор хог тээвэрлэх 65 чингэлэг, долоон авто машиныг Хот тохижуулах газарт өгчээ.
Мөн нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор зургаан автобус худалдан
авч, БОЭТ-д “Хавдрын бай” эмчилгээний тасагт тоног төхөөрөмж авах төсвийг нь орон
нутгийн төсөвт тусгаад байна.
Энэ онд Цагаанчулуут багийн VII хороололд 150 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг, “Номын өргөө”-г ашиглалтад оруулна.